“Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт сургалт боллоо

2017-01-20 09:38:28

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ, ОУБ-уудтай хамтран дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ЗДАА, ӨЭМТ-үүд ижил зорилгоор тусламж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй орхигдож буй зорилтот бүлгийнхний эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, эрүүл мэндийн тэгш боломж олгох, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж, даатгал, бүртгэл, боловсролын цогц арга хэмжээг төлөвлөх, үе шаттайгаар хэрэгжүүлэх, үр дүнг тооцож ажиллах шаардлага байна.

Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” зарчмыг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлтийг шат шатандаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарахаас гадна иргэдийн нийгэм, эдийн засгийн байдал, жендэрээс хамаарч тусламж үйлчилгээнээс орхигдох эрсдэлийг бууруулж, эрүүл мэндтэй холбоотой тэгш эрхийг хангах нөхцлийг бүрдүүлэх байдлаар стратеги боловсруулах зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү болон холбогдох эмч, мэргэжилтэн, хороодын Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ДЭМБ, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Налайх-2 төслийн төлөөлөл оролцлоо.

Тус сургалт нь дүүрэг, хорооны түвшинд эрүүл мэндийн түншлэгч, дэмжигч байгууллагууд үр дүнтэй зохион байгуулалттай ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдож буй иргэд, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш байдлыг хангасан орчныг бүрдүүлэх, тусламж үйлчилгээг бодитой төлөвлөх мэдлэг мэдээлэл авч, 2017-2020 онуудад орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, бодлого, төлөвлөлтөд тусгаж ажиллах санал зөвлөмж боловсруулах, дүүргийн эрүүл мэндийн түншлэгчдийн 2017 онд хамтран хэрэгжүүлэх болон Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран зорилтот хүн амд чиглэсэн интервенцийг төлөвлөх, хамтран ажиллах талуудын үүрэг оролцоог тодорхойлох чухал ач холбогдолтой боллоо гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.