Тээврийн хэрэгслийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2012-04-04 00:00:00

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Нийслэлийн өмчит зарим байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, сэргээн засварлаж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах 29 тээврийн хэрэгслийг худалдах доод үнийг нэгдүгээр хавсралтаар, сэлбэгийн зориулалтаар ашиглах 5 тээврийн хэрэгслийг хоёрдугаар хавсралтаар, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах 35 тээврийн хэрэгслийн үнийг гуравдугаар хавсралтаар, илүүдэлтэй байгаа балансаас балансад шилжүүлэх 1 тээврийн хэрэгслийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
  2. Данснаас хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох ажлуудыг хэрэгжүүлж дуустал хадгалалт, хамгаалалт, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагад даалгасугай.
  3. Дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэлийг эргэж танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.
  4. Шатахуун их зарцуулдаг, сэлбэгийн олдоц муу, хуучин автомашин худалдан авахгүй байх, төсвийн байгууллагын суудлын автомашинуудыг Нийслэлийн төр захиргааны авто баазад төвлөрүүлэх, элэгдэл, гүйлтийн норм гүйцээгүй автомашин актлах явдлыг цаашид хязгаарлахыг Нийслэлийн Төр захиргаа, харьяа байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР