Ажил эрчимжүүлэх, хариуцлага тооцох тухай

2012-03-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь;

  1. Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аяныг 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 30-ны хооронд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсугай.
  2. “Хоггүй Улаанбаатар” аяны удирдамжийг хавсралтаар баталсугай.
  3. Аяны удирдамжийг мөрдлөг болгон орон сууц, гэр хорооллын айл өрх, гудамж, гуу жалга болон албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд менежментийн оновчтой шийдэл нэвтрүүлж үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авч тодорхой үр дүн гаргаж, дүүргээ хоггүй цэвэр болгож ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. Удирдамжинд заасан чиг үүргийн дагуу үр дүнтэй, үзэгдэхүйц тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
  5. “Хоггүй Улаанбаатар” аяны явц, үр дүнд байнга хяналт тавьж, хангалтгүй ажилласан дүүргийн Засаг дарга, байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  6.  Хотын хэмжээнд хийгдэх удаа дараагийн бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд зориулж нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг дүүргүүдэд хуваарилан олгох, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Хотын Ерөнхий менежер /Ч.Бат/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 30-ны өдрийн
229 дүгээр захирамжийн хавсралт

“ХОГГҮЙ УЛААНБААТАР” АЯНЫ УДИРДАМЖ

Зорилго:

             Нийслэл Улаанбаатар хотын гэр болон орон сууцны хороолол, байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын ариун цэврийг сайжруулах, ингэснээр иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд энэхүү аяны зорилго оршино.

              Аяны явагдах хугацаа: 2012 оны 04-р сарын 01-нээс 05-р сарын 30

              Аянд: Хотын бүх дүүрэг, хороо, Тохижилт үйлчилгээний байгууллагууд, хотын дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, нийт иргэд оролцоно.

               Аяныг зохион байгуулж, хамтран ажиллах байгууллагуудын ажил үүргийн хуваарь:

 

Байгууллага

Хариуцах ажил

1

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс

Аяныг зохион байгуулах, байгууллагуудын ажлыг уялдуулах, хог тээвэрлэлт, гудамж талбайн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, дүүргүүдэд хийгдсэн ажлын дүн мэдээг нэгтгэж, хотын Ерөнхий менежерт танилцуулах

2

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба

Аян зохион байгуулагдах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлүүдээр нэвтрүүлэх, аяны явц, үр дүнгийн талаар ТВ, радиогоор олон нийтэд байнга хүргэх, хичнээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл явуулсан талаарх дүн мэдээгээ Захирагчийн ажлын албанд ирүүлэх.

3

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Хог цэвэрлэгээнд оролцож байгаа БААН-үүдэд хяналт тавих, цэвэрлэгээнд оролцоогүй БААН-үүдэд мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг түр хаах, тусгай зөвшөөрлийг хураах ажлыг зохион байгуулах ба мөн түдгэлзүүлэх саналыг Захирагчийн ажлын албанд гаргах. Хог цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээгээ Захирагчийн ажлын албанд хүргүүлэх

 

 

 

4

Нийслэлийн Хөдөлмөрийн газар

Хог ачилт, тээвэрлэлт, цэвэрлэгээний ажилд ажилгүй иргэдийг оролцуулах, дүүргүүдийн харьяа хөдөлмөр халамжийн хэлтсүүдтэй хамтран ажилгүй иргэдийг хог цэвэрлэгээнд оролцуулах ажлыг зохион байгуулах.

5

Хот тохижилтын газар

Төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг уртасгасан цагаар тасралтгүй ажиллуулах, хог тээврийн үйлчилгээ үзүүлдэг дүүрэг, хороодод хог цуглуулж тээвэрлэх үйлчилгээг доголдолгүй, сааталгүй, шуурхай гүйцэтгэх, төвлөрсөн цэг дээр ирсэн хогны мэдээг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэст ирүүлэх

6

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар /Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн Дүүрэг хариуцсан мэргэжилтнүүддээ мэдээгээ өгөх ба Налайх, Багануур, Багахангай дүүргүүд ахлах мэргэжилтэн С.Аригуунд мэдээгээ өгөх/

Аяныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хуваарь боловсруулан төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, хог ачих, тээвэрлэх, цэвэрлэх ажилд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, олон нийтэд сурталчилах, дэвсгэрийн терийн захиргааны болон үйлчилгээний бүх БААН, ЕБС, их дээд сургуулиудыг дэвсгэрийн хог цэвэрлэгээнд оролцуулах, цэвэрлэгээний ажлын мэдээг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэст сард 2 удаа ирүүлэх, “Хоггүй хороо” болзолт уралдааныг зарлан дүгнэх

7

Дүүргүүдийн Нийтлэг үйлчилгээний төв /хуучнаар ХХҮС/ /Дүүргийнхээ Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст мэдээ хүргүүлнэ/

Хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, цэвэрлэгээ хийгдсэн газрын хог хаягдлыг ачуулах, хог тээврийн машинаар тасралтгүй хангах ажлыг зохион байгуулна, Гэр болон орон сууцны хог тээвэрлэлт, дүүргийн хур хог цэвэрлэх ажлын графикийг гаргаж ажиллана. Дүнг Захирагчийн ажлын албанд ирүүлэх

8

Хороо /Дүүргийнхээ Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст мэдээ хүргүүлнэ/

Хорооны нутаг дэвсгэрийнхээ иргэд, айл өрх БААН- үүдэд хог цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргүүлэх, хог цэвэрлэгээнд оролцуулах, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж газар дээр нь тогтмол хяналт тавьж ажиллах, мэдээг дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст 14 хоног дутамд өгөх

9

Тохижилт үйлчилгээний компаниуд буюу хог тээвэрлэгч байгууллагууд /Дүүргийнхээ Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст мэдээ хүргүүлнэ/

Хариуцсан дүүрэг, хороон дээрээ хог цэвэрлэгээнээс үүссэн хог хаягдлыг шуурхай цуглуулж тээвэрлэх, машин, техникийг эртнээс бэлэн байдалд байлгах. Гэр болон орон сууцны хогийг ачиж тээвэрлэх ажлыг шуурхай хийж ажиллана.

10

ӨХ-ны дээд зөвлөл /ЗАА-ны мэргэжилтэн Ш.Чанцалнурмаа 99007815/

СӨХ-уудын захирлуудад цэвэрлэгээний талаар нэгдсэн мэдээлэл, чиглэл өгөх, удирдан зохион байгуулж ажиллах, СӨХ-оодоор хариуцсан байрных нь гадна орчин, орцны цэвэрлэгээг хийлгэх, иргэдэд цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргүүлэх, цэвэрлэгээнд татан оролцуулах, цэвэрлэгээний ажлын мэдээг СӨХ-ууд СӨХ-ын дээд зөвлөл болон харьяа хороондоо өгөх, СӨХ-ны дээд зөвлөл нэгдсэн мэдээ гарган Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ. Орон сууцны бункерын болон хогийн цэгийн хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагаар богино хугацаанд ачуулж байна.

 

 

Аяны хүрээнд хийгдэх ажлын үндсэн чиглэлүүд:

  1. Хог хаягдлын асуудлаар иргэд, байгууллагаас гарсан гомдол, хүсэлтийг шийдвэрлэж ажиллах үүрэг бүхий дүүргийн жижүүрийн хуваарийг гаргаж мөрдөж ажиллах
  2. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх
  3. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг БААН, иргэдэд сурталчилах, журмын заалтуудыг хангуулж ажиллах
  4. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж орчинг цэвэр болгох
  5. Гудамж талбайн зүлэгний хайсыг угаах, будах, засварлах, гэрлийн шонг цэвэрлэх, будах, хогийн савуудыг угаах, будаж шинэчлэх, эвдэрсэн явган замыг нөхөх, засах, гудамжны гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулах, реклам, мэдээллийн самбаруудыг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулах,
  6. Айл өрх болон БААН-ийн хог хаягдлыг графикийн дагуу ачиж тээвэрлэх
  7. Дүүргийн ЗДТГ болон хороогоор үйлчлүүлж байгаа иргэд, БААН-үүдэд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн талаар мэдээлэл хүргэх, хог цэвэрлэгээний ажилд бүрэн хамруулах
  8. Автозам болон явган хүний зам талбайг сайтар цэвэрлэх, шүршиж угаах,
  9. Орон сууцны орц, лифтэнд чийгтэй цэвэрлэгээ, байрны эргэн тойрны хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ хийж, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах, айл өрхүүдийг цэвэрлэгээнд оролцуулах,
  10.  Цэвэрлэгээний ажилд оюутан, сурагчдыг өргөнөөр оролцуулах, сар бүр их цэвэрлэгээг 2 удаа зохион байгуулах, их цэвэрлэгээний талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, иргэд, БААН-ийг их цэвэрлэгээний ажилд татан оролцуулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулах
  11.  Томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвүудийг их цэвэрлэгээний үеэр түр хугацаагаар хааж, түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг цэвэрлэгээнд оролцуулах, их цэвэрлэгээнд оролцоогүй БААН, иргэдэд хариуцлага тооцох

Аяны ажилд хяналт тавих:

Аянаар хийх ажилд дүүргүүдэд байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллах бөгөөд хог цэвэрлэх, ачих, тээвэрлэх ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, цэвэрлэгээнд оролцоогүй БААН-ийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түтгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, холбогдох хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Дүүргүүдэд хийгдэж байгаа ажилд хотын Захирагчийн Ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж зөвөлгөө, үүрэг даалгавар өгч хариуцлага тооцож ажиллана.

Дүнг мэдээлэх:

Дүүргүүдийн аян зохион байгуулах ажлын хэсэг нь хийсэн ажлын тайлан, дүн мэдээгээ 4, 5-р сарын 15, 30-нд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежмөнтийн хэлтэст ирүүлнэ.