УТААГ БАГАСГАХ ШИЙДЭЛ: Зарим айлд цахилгаан халаагуур суурилууллаа

2017-01-06 10:11:28

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан өнөөдөр Хотын захиргаанаас зарим айл өрхөд цахилгаан халаагуур өглөө. 

Хоёр хоногийн өмнө Нийслэлийн удирдлагууд цахилгаан халаагуур үйлдвэрлэгч болон нийлүүлэгч компанийн удирдлагуудтай уулзан, бүтээгдэхүүнтэй танилцсан байна. Харин өнөөдөр эдгээр компанийн бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хүртээмжтэй байлгах талаар иргэдийн санал бодлыг сонсохыг илүүтэй зорьж байна хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ.

Үйлдвэрлэгч болон нийлүүлэгч компаниудын зүгээс иргэдэд цахилгаан халаалтын хэрэгслийг зээлээр олгодог болгох талаар анхаарч үзэхийг хүссэн байна. Иргэд ч мөн ийм саналыг нийслэлийн удирдлагуудад уламжилж байлаа. Учир нь халаалтын хэрэгсэл нь дунджаар 2-5 сая төгрөгийн үнэтэй аж. 

Тухайлбал, “Ultrasoniс” компанийн борлуулж буй Герман улсад үйлдвэрлэгчдсэн Шинэ дулаан хадгалагч хэмээх цахилгаан халаагуур нь 1.8 сая төгрөгийн үнэтэй аж. Энэхүү төхөөрөмж нь хоногт 6-8 цаг ажиллан,  16-18 цагийн турш цахилгаан огт зарцуулалгүйгээр хуримтлуулсан дулаанаа цацдаг байна. Ажиллах хүчин чадлын хувьд 10-45 м.кв талбайг халаах боломжтой гэнэ.

Түүнчлэн тогны хүчдэл хэлбэлзэхэд даацын кабель суурилуулдаг учраас ямар нэгэн эрсдэл байхгүй бөгөөд үйлдвэрийн баталгаат хугацаа 30 жил хэмээн тус компанийн маркетингийн менежер Б.Отгонбаяр хэллээ.

Энэхүү Шинэ дулаан хадгалагч нэртэй цахилгаан халаагуурыг Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн Б.Бадам гуайнд суурилуулсан юм. Энэ өрх сүүлийн жилүүдэд “Дөл” зуух хэрэглэн, жилдээ 400 мянга орчим төгрөгийг түлшинд зарцуулдаг байжээ. 

С.Батболд: Ирэх долоо хоногт утааны асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэхээр болсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр иргэдэд халаалтын асуудлаа шийдэх ямар боломжууд гарч байгаа вэ?

-Өнөөдөр иргэдтэй уулзан, халаалтын байдалтай танилцаж байгаа нь Засгийн газрын шийдвэрийг хэрхэн шийдвэрлэх вэ, үүнд Хотын зүгээс иргэдтэй санал солилцох зорилготой юм. Засгийн газраас нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд цахилгаан ашиглан халаалтын асуудлаа шийдэх замаар агаарын бохирдлыг бууруулах шийдвэр гаргасан. 

Энэ хугацаанд хотын зүгээс хийхээр төлөвлөж ажлын нэг нь иргэдэд халаалтын шинэ хэрэгслийг ашиглах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа. Үүний тулд цахилгаан халаагуурын үнийг яаж хямдруулах вэ, иргэдийн худалдан авах чадвар нийцсэн бүтээгдэхүүнийг олноор нь яаж нийлүүлэх вэ зэрэг асуудлыг Хотын захиргаанаас шийдэх шаардлагатай. 

Ирэх амралтын өдрүүдэд Засгийн газартай хамтран Ерөнхий сайд тодорхой газруудтай танилцахаар төлөвлөж байна. Мөн ирэх долоо хоногоос Монгол Улсын хэмжээнд Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бол яаж шийдэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэхээр болсон. 

Цахилгааны шөнийн тариф тэглэхтэй холбогдуулан, иргэдэд цахилгааны халаагуур хэрэглэхийг санал болгож байгаа учраас шугам сүлжээг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд Эрчим хүчний яамтай хамтран ажиллана.

Мөн эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тодорхой бүсүүдэд хаана, ямар зуух хэрэглэхийг зааж өгч, энгийн зуухны борлуулалтыг хориглохоос өөр аргагүй. Гэр хорооллын тэлэлтийг энэ хэвээр нь байлгах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс Улаанбаатар хотоос зайдуу, дэд бүтцийн асуудлыг шийдсэн суурьшлын бүсийг бий болгох шаардлагатай.

Ингэж иж бүрнээр нь шийдэх хэрэгтэй байгаа юм. Ирэх долоо хоногт эдгээр асуудлын шийдлийн тухай иргэддээ танилцуулна. Энэ нь магадгүй олон хүний эрх ашгийг хөндөнө. Гэхдээ нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр байх болно.

-Магадгүй олон хүний эрх ашгийг хөндөнө гэлээ. Энэ талаа тодруулбал?

-Нэг айл цахилгаан халаагуур аваад, гэрээ дулаалан эрүүл орчинд амьдрахыг хичээж байхад хажуугийн айл нь хашаандаа энгийн зуухтай айл буулгаад утаагаар утаад байж болохгүй.

Бүгдээрээ хариуцлагатай байх хэрэгтэй. Хотод амьдарна гэж байгаа бол хотын дүрмийг сахиж, дэг журамтай байх ёстой. Тиймээс төр засгийн зүгээс  арга хэмжээ авна. Юу хэрэглэж болох, болохгүй вэ гэдгийг зааглаж өгөх зайлшгүй шаардлагатай. Үүнийг олон нийтийн эрх ашиг шаардаж байна. 

-Зорилтот бүлгийн иргэдийн халаалтыг нийслэлээс шийдэх боломжтой юу?

-Хотын төсөв дээр 2017 онд 3.7 тэрбум төгрөгийг агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнд зориулан суулгасан. Энэ мөнгөөрөө зорилтот бүлгийн иргэдэд зуух болон халаалтын хэрэгсэл, утаа багатай түлш тараах зэрэг ажлыг зохион байгуулна.

-Цахилгаан халаагуур авч буй иргэдэд нийслэлээс хөнгөлөлт үзүүлэх үү?

-Тэрийг одоогоор шийдээгүй байгаа. Асуудлыг хэрхэн оновчтой шийдэх талаар ярилцаж байгаа. Тодорхой хэмжээнд иргэдэд хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй. Учир нь энэ төхөөрөмжүүд харьцангуй үнэтэй.

Б.Бадам гуайнд цахилгаан халаагуур суурилуулсны дараагаар тус хорооны иргэн Д.Лхагвадорж гуайнд мөн өөр төрлийн цахилгаан халаагуур суурилууллаа. 

Энэхүү төхөөрөмж нь “Olsberg” брэндийн цахилгаан халаагуур бөгөөд өмнөхөөсөө ялгаатай нь дээрээ ширэмтэй учир цай, хоол хийх зэрэг ахуйн хэрэглээнд ашиглахад тохиромжтой аж. Энэхүү төхөөрөмж мөн шөнийн цагт дулаанаа хуримтлуулан, өдрийн цагаар орчноо дулаацуулдаг байна.

Бидний хамгийн сүүлд очсон айл бол Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Ц.Амарсанаагийнх байлаа. Цахилгаан халаагуурыг зөвхөн байшинтай өрхүүд ашиглахад тохиромжтой хэмээх нийтлэг ойлголт байдаг бол тийм биш аж. Учир нь Ц.Амарсанаагийнх “Монватт” компанийн нийлүүлж буй цахилгаан халаагуурыг хэрэглээд хоёр сар гаруй болжээ. 

“Энэхүү төхөөрөмжийг зөвхөн монгол гэрт ашиглахад зориулан Герман улсад үйлдвэрлэсэн. 8 цагийн турш дулаанаа хуримтлуулан, 16 цагийн турш цахилгаан ашиглалгүйгээр орчноо дулаацуулдаг. Үнийн хувьд 2.4 сая төгрөгийн үнэтэй” хэмээн “Монватт” компанийн ерөнхий менежер Д.Билгүүн хэллээ. 

Түүнчлэн иргэн Ц.Амарсанаа “Байнга гал түлнэ гэхгүй учир хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Өөрөө автомат тохируулгатай. Үргэлж 18-22 хэмдээ барьдаг учраас гэрийн дулаан тогмол байдаг. Энэхүү төхөөрөмжийг суурилуулснаар манай цахилгааны сарын төлбөр 50 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн.

Одоо шөнийн тарифыг тэглэсэн учраас цахилгаан халаагуур хэрэглэсэн ч цахилгааны төлбөр их гарна гэсэн асуудалгүй болж байна. Гэтэл нүүрс түлдэг байхад 120-140 мянган төгрөгийг нүүрсэнд зарцуулдаг байсан” гэв.