Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2015-06-08 17:51:45
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх шинжээчийн баг шалгаруулах тухай
 
Нийслэлийн Засаг даргын санаачилга, Авлигатай тэмцэх газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (IRI)-гийн дэмжлэгтэйгээр Mонгол улсад анх удаа “Нээлттэй-Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг зохион байгуулсан юм.

Энэхүү форумаас гарсан санал санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгуулж байна.

Төрийн байгууллага, албан хаагчдын иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тэдний үйл ажиллагаа нь нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг иргэний нийгмийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. 

Зорилго:
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шийдвэрүүд нь иргэдийн эрх, ашиг сонирхолд нийцэж буй эсэх, нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, зөрчилтэй шийдвэрүүдийг тодорхойлох, зөрчлийг арилгах талаар зөвлөмж хүргүүлэх.

Хамрах хүрээ:
Үнэлгээнд дараах байгууллагууд хамрагдана. Үүнд:
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
  • Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба;
  • Нийслэлийн Авто замын газар;
  • Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар;
  • Нийслэлийн Боловсролын газар;
  • Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар;
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газар;
  • Нийслэлийн Tээврийн газар;
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар;
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар;
  • Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар.
Хийж гүйцэтгэх ажил:  
  1. Шийдвэр нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан ил тод байдлыг хангасан эсэх;
  2. Дээр дурдсан байгууллагуудаас гарсан шийдвэрийг Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын дагуу боловсруулж, баталсан эсэх;   
  3. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээг нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/606 дугаар захирамж, Авлигатай тэмцэх газрын даргын 2010 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн байгууллагын шударга байдлыг үнэлэх аргачлал”-ын дагуу хийх;   
  4. Шийдвэр нь иргэдийн эрх ашгийг хөндсөн эсэх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө, эрсдэл учирсан болон учирч болохуйц нөхцөл байдлыг тогтоох; 
  5. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх дүгнэлт.
Даалгавар гүйцэтгэх хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний дотор

Үнэлгээний багт тавигдах шаардлага: 
  • Төрийн байгууллага, Авлигатай тэмцэх газар болон олон улсын бусад  байгууллагаас зарласан авлигыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан төсөл, хөтөлбөрт шалгарч, хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
  • Баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх;
  • Хууль зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг 3-аас дээш жил хийж гүйцэтгэсэн, ажлын туршлагатай, үндэсний зөвлөхүүд  байх;
Бүрдүүлэх материал:  “Шинжээчийн баг” нь дараах материалыг бүрдүүлэн 2015 оны 06 дугаар дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цагаас өмнө нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст хаяглан ирүүлнэ. 
  • Энэхүү ажлыг гүйцэтгэх багийн гишүүдийн товч танилцуулга;
  • Багийн гишүүдийн үнэлгээний чиглэлээр хийж байсан ажлын туршлагыг харуулсан ажлын жагсаалт;
  • Ажлын даалгаврыг гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө, удирдамж, үнэлгээ хийх аргачлал;
  • Даалгавар гүйцэтгэх үйлчилгээний үнийн санал;
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллана.