МОНЦАМЭ агентлаг НЗДТГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

2016-12-26 15:13:05

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон НЗДТГ хамтран ажиллах болж, өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт НЗД С.Батболд, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг гарын үсэг зурав. Нийслэлийн өдөр тутмын мэдээ мэдээлэл, түүх, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол, Орос, Англи, Хятад, Япон хэлээр гардаг www.montsame.mn цахим хуудсаар дамжуулан дотоод болон олон улсад мэдээлнэ. Мөн Англи хэл дээрх "The Mongol Messenger" сонин, "Mongolia Today" сэтгүүл, Орос хэл дээрх "Новости Монголии", Хятад хэлээр эрхлэн гаргадаг "Монголын мэдээ", Япон хэл дээрх "Монгорү цүүшин" болон Монгол бичгээр гардаг “Хүмүүн бичиг” долоо хоног тутмын сонингоор дамжуулан мэдээлэх юм.

Энэ оны долдугаар сард Монгол Улсад болсон АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтын үеэр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, цаг үеийн мэдээ, мэдээллийг дотоод гадаадад шуурхай түгээсэн чадварлаг хамт олон  гэдгийг Б.Ганчимэг дарга гарын үсэг зурах үеэр онцлов.

95 жилийн түүхтэй, Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон мэдээллийн ууган байгууллагад зочилж байгаадаа баяртай байна хэмээн Хотын дарга хэлээд, “МОНЦАМЭ агентлаг бол зөвхөн улс, нийслэлийн хэмжээнд ажиллах бус Монгол үндэстнийг дэлхий нийтэд таниулах дуу хоолой болж ирсэн байгууллага. Нөгөөтэйгүүр Монгол Улсын бүхий л статистик үзүүлэлтийн 50-70 хувь нь Улаанбаатар хоттой холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын тухай мэдээллийг дэлхий нийтэд хүргэх нь Монгол Улсыг танилцуулахтай агаар нэг. Тиймээс МОНЦАМЭ болон нийслэл хамтран ажиллах нь зүй ёсны асуудал юм. Мөн энэ байгууллагад чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин ажилладаг тул хотын өмнө тулгамдсан болон хийж бүтээж буй ажлуудыг дотоодын төдийгүй дэлхийн сонорт хүргэх боломжтой. Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон улстай хамтран ажиллахад МОНЦАМЭ агентлаг гол гүүр нь болно гэдэгт итгэж байна” хэмээв.

Гарын үсэг зурах ёслолын дараа МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-С.Батболд дарга Нийслэлийн статусыг шинэчлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулийн зорилго, ач холбогдлыг танилцуулна уу?

-Миний өмнөө тавьсан томоохон зорилтуудын нэг нь нийслэлийн эрхзүйн байдлыг дээшлүүлэх асуудал. Өнөөдрийн статусаар нийслэлийн 340 мянган хүн амтай дүүрэг нэг сумтай ижил түвшинд байна. Гэтэл нэг суманд 3000 хүн амтай байдаг. Ийм байдлаар бид хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотын төлөвлөлт, шилжин ирэгсэд зэрэг бүхий л асуудлыг УИХ, Засгийн газар арай өөр байдлаар харах шаардлагатай байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш нэмэлт, өөрчлөлт ороогүй. Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш том байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлт өсч ирсэн тул хуульд өөрчлөлт оруулах шаардага бий болсон. Энэ хууль батлагдсанаар Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тухайлбал, хот өөрийн гэсэн дүрэмтэй болно. Орон нутгаас нийслэлд ажиллаж, амьдрахаар ирж буй иргэд ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульчилна. Иргэд өөрийн амьдар эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийн Хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, оролцоогоо хангах хэрэгтэй зэрэг олон асуудал бий.

УИХ-ын ирэх хаврын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Өвлийн улирал болж, утааны оргил цаг эхэлсэн. Өнөөдөр нийслэлийн иргэд төв талбайд утааны эсрэг жагсахаар зар тараасан. Та жагсаалд очих уу?

-Манай холбогдох албаныхан бүгд очино. Энэ жагсаалыг бид дэмжиж байгаа. Хүмүүс өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг ойлгож, эрхээ хамгаалахын төлөө ажиллаж байна гэдэг сайн зүйл. Бүгд утааны эсрэг тэмцэж, хүн бүр ямар үүрэг, хариуцлагатай байх вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тухайлбал, их хэмжээний утаа ялгаруулдаг автомашинтай бол түүнийгээ солих, автомашины дугуй зэргийг түлшиндээ хэрэглэж байгаа иргэд тэрийгээ зогсоох зэргээр бүгд хамтран ажиллах нь энэ асуудлыг шийдвэрлэх эхлэл юм Ерөнхий сайдын ахалсан Агаарын бохирдлыг бууруулах хороо ажиллаж байгаа. Уг хороо агаарын бохирдлыг бууруулах арга, тактикаа боловсруулсан. Тухайлбал, гаднаас орж ирж буй халаалтын хэрэгслийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх, үнийг бууруулах арга хэмжээ авна. Хамгийн гол нь гэр хорооллын цахилгааны шинэчлэлийг хийх хэрэгтэй. Мөн түүхий нүүрс борлуулах цэгийг хязгаарлах зэрэг агаарын бохирдлын эсрэг бүхий л талаар тэмцэнэ. Эцэст нь иргэд амны хаалт зүүх зэргээр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.

-Их утаатай үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт зохицуулалт хийх шаардлага бий болж байгаа байх?

-Боловсролын хуулиар хоёр тохиолдолд хүүхдийн амралтад зохицуулалт хийдэг. Нэгдүгээрт бүх нийтэд тохиолдсон гамшгийн үед. Хоёрдугаарт халдварт өвчин тархсан үед. Бид энэ асуудлаар БСШУЯ-нд санал тавьсан. Тус яамнаас утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрвэл амралтад зохицуулалт хийнэ гэсэн. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 01-нийг дуустал бүх нийтээр амрана. Үүний дараа хүүхдүүдийн амралтыг сунгах эсэхийг Засгийн газартай ярьж байгаад шийдэхээр төлөвлөж байгаа.

-Хотын дарга нар хэмнэлтийн горимд шилжиж, шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэдэг болох тухай мэдээ гарсан. Нийслэл хэмнэлтийн горимд шилжсэн үү. Тухайлбал та ямар автомашин ашиглаж байна вэ?

-Нийслэлийн өмчид цахилгаанаар ажилладаг хоёр эко автомашин бий. Хотын даргын хувьд Приус 20 маркийн автомашин ашиглаж байгаа. Хөдөө ажлаар явах үедээ том тэрэг унадаг. Ер нь бол хэмнэлтийн горимд шилжиж байгаа. Цаашдаа төрийн албан хаагчдийг нэг өдөр автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих уриалга гаргаж ажиллана. Энэ чиглэлд МОНЦАМЭ агентлагийг хамтран ажиллахыг хүсч байна.

-НЗД-ын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг танилцуулна уу?

-Миний мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь хүн. Хотын төвөөс эхлээд алслагдсан дүүрэгт амьдарч буй хүн хүн бүрийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал.

-2017 оны төсөв маш хүнд батлагдсан. Нэг ч бүтээн байгуулалтын ажил хийхгүй гэсэн цуурхал тархсан. Энэ тал дээр та зөв мэдээлэл өгнө үү?

-2017 он бол улс орны хэмжээнд хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид хотын дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд 160 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, 30 орчим сургууль, долоон цэцэрлэг шинээр барих, автозамуудын уулзваруудыг шинэчлэх, Сэлбэ гол дагуу 3 км газарт амралт зугаалгын бүс байгуулах, Сонсголон, Яармаг, Баянзүрхийн гүүрний ажлыг эхлүүлэх зэрэг олон ажил бий. Бага мөнгөөр их зүйл хийх үүрэг ногдож байгаа.

-Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК)-иар дамжуулан иргэдийг орон сууцжуулах ажлыг үргэлжлүүлэх боломтой юу?

-Иргэдийг орон сууцжуулах ажил бол үе үеийн хотын даргын хамгийн том зорилт байсан. Улаанбаатар хотын анхны дарга эсгий хотыг хэрхэн орчин үеийн болгох вэ гэж бодож байсан байх. Миний буюу 32 дахь даргын үеэд энэ асуудал хэвээрээ л байна. Тийм учраас НОСК Улаанбаатар хотын удирдлагууд иргэдийг ямар стандарттай, үнэ өртөгтэй орон сууцны бодлого хэрэгжүүлэх вэ, одоо байгаа байрнуудыг хэрхэн борлуулах вэ гэдэг ажлыг хийнэ. Түүнээс биш хувийн компаниудтай зэрэгцээд орон сууц барихгүй. Хоёрдугаарт Азийн хөгжлийн банктай хамтран Орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад буй хамгийн том асуудал бол өндөр үнэтэй орон сууц, орлого багатай иргэд. Тиймээс иргэдийн орлогод нийцсэн орон сууцнуудыг барих ажлыг нийслэлийн нөхцөл байдалд хэрхэн нийцүүлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой. Түүнээс биш төсвөөс их хэмжээний мөнгө аваад барилга барьдаг байгууллага байх ёсгүй. Томоохон орнууд эхлээд талбай багатай, гэхдээ иргэдийнхээ амьдралын хэрэгцээг бүрэн хангах боломжтой орон сууцанд иргэдийг оруулдаг. Дараа нь улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын боломж нэмэгдээд ирэхээр арай том байранд оруулах зэргээр шат дараалсан арга хэмжээ авдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт баригдаж буй орон сууцнуудын дийлэнх нь гурваан дөрвөн өрөө, 200 сая төгрөгөөс өндөр үнэтэй байна. БНСУ л гэхэд орлогод нийцсэн орон сууцны бодлогоо 19 м2 талбайгаас эхэлсэн. Сингапур 29 м2 талбайгаас эхэлсэн. Улаанбаатар яагаад 30-40 м2 талбайгаас эхэлж болохгүй гэж. Бид үүнийг хийхийн төлөө ажиллана.

Асуулт хариултын дараа агентлагийн алба хаагчид нийслэлийн өмнө тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр өөрсдийн саналаа хэллээ.

Тухайлбал, Техник, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, “Улаанбаатар хот өвөлдөө утаа, зундаа тоосонцрын асуудалтай байдаг. Энэ нь гэр хорооллын шороо бороо орсны дараа автомашины зам руу урсаж ордогтой холбоотой. Тиймээс иргэд гудамжнаас төв зам руу ороход бага зэрэг өгсүүр байх зэргээр зохицуулах хэрэгтэй. Мөн хот төлөвлөхдөө эхлээд тог цахилгаан, автозам зэрэг дэд бүтцийн асуудлыг нь шийдлвэрлэсний дараа шинээр айл буулгадаг болох чиглэлээр ажиллаж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол шинээр нүүж, суурьшиж байгаа айлуудыг дагаад тоос, тоосонцрын асуудлууд их байна. Ногоон байгууламж ч автозамаасаа доош байх ёстой. Тэгэхгүй бол ногоон байгууламжийн шороо ч мөн зам руугаа ороод байна” гэсэн санал хэлэв.

Хотын дарга  Засгийн газарт хүргүүлээд буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Улаанбаатар хотод баригдах бүх автозам ус зайлуулах байгууламжтай байхаар тусгасан хэмээгээд, “Дэд бүтцийг зохицуулсан заалтууд ч бий. Улаанбаатар хотод зун зөвхөн тоосонцор бус ил задгай бие засах газруудаас гарч буй хий их хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг. Тиймээс ногоон хот болохын тулд ил задгай бие засах газруудыг цэгцлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлээр иж бүрэн төлөвлөгөө гаргаж ажиллана” гэлээ.

Мөн МОНТА теле студын сурвалжлагч Б.Занданхүү, “МОНЦАМЭ агентлагийг МОНТА теле студи ирэх онд нийслэлийн түүх дурсгалын газруудыг гадаадад сурталчлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүх дурсгалын газруудын танилцуулгыг англи хэл дээр бэлтгээд Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ. Энэ чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Хотын дарга “Бид Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болно гэсэн том зорилт тавьсан. Нэгдүгээр Улаанбаатар хотыг танилцуулсан том зурагтай болох хэрэгтэй. Ийм төрлийн зураг Сөүл зэрэг бүх томоохон хотод байдаг. Тэр зураг дээр түүх дурсгалт газруудыг маш сайн зааж, танилцуулсан байдаг. Энэ чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой” гэсэн хариулт өглөө.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадрааба