“Ногоон” технологийг дэмжих замаар агаарын бохирдлыг бууруулна

2016-10-11 13:25:11

Энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийх  талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар утаагүй зуухнаас эхлээд олон төсөл хэрэгжүүллээ. Гэтэл агаарын бохирдол буурсан үр дүн ажиглагдахгүй байна хэмээн шүүмжилж байна. Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад ямар асуудлыг голлон барьж ажиллах вэ?

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол чиглэл нь ногоон хөгжил, өндөр технологийг нэвтрүүлж агаарын бохирдолтой тэмцэх юм.

Монгол Улсын их хурал Парисын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр аливаа байгальд ээлтэй технологи хэрэглэсэн ажлыг дэмжье гэдэг дээр нэгдэж байгаа юм. Энэ нь агаарын бохирдлоос гадна хөрс, уур амьсгал гээд бүх асуудлыг цогцоор шийдвэрлэхэд түлхэц болох юм. Энэ чиглэл рүү бүх улс орнууд явж байгаа. Энэ үндсэн суурийг нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн ажилд чиглүүлнэ.

Хоёр дахь том асуудал бол эрхзүйн орчин юм. Өнөөдөр нэг сая 300 мянган хүн нийслэлд ажиллаж, амьдарч байна. Үүн дээр нэмэгдээд оюутнууд, ажиллагсад, гадныхан гээд тооцохоор нэг сая 700-800 мянган хүн ажиллаж амьдарч байгаа. Гэтэл хүн амын талаас илүү хувь амьдарч буй нийслэлийн эрхзүйн статус нь 30-40 мянган хүн амьдардаг аймагтай ижил хэмжээнд байна. Ийм нөхцөлд агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд бүх л үйлчилгээ хүнд хүрч, бүрэн цогцоор хэрэгжиж чадахгүй. Тиймээс суурийг нь бүрэлдүүлье гэдэг дээр ярьж байна. Эрхзүйн орчноо шинэчлэх нь ажил явуулахад, иргэдэд хүрэх үйлчилгээг ойртуулахад томоохон түлхэц, суурь болно гэж харж байгаа юм.

-Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад эрхзүйн зохицуулалтаас гадна өөр яг ямар ажил хийх вэ. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан утаагүй зуух, агаарын чанарын бүс гэх мэтчилэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх үү?

-Өмнөх багийн зөв ажлыг үргэлжлүүлнэ. Буруу юмыг буруугаар нь хэлэх хэрэгтэй. Жишээ нь олон тэрбум төгрөгийн зардлаар гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийсэн. Гэтэл үүнд гаргасан зардал, өнөөдрийн үр дүн ямар байна вэ гэдгийг бодох л хэрэгтэй.

Одоогоор цаашид яг ямар ажил хийх вэ, аль төслийг үргэлжлүүлэх вэ гэдэгт ажлын хэсэг ажиллаж байна. Дэд бүтэц хариуцсан ажлын хэсгийг томилон ажиллаж байгаа юм. Ямартай ч улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар янз бүрийн зуух авч тараахгүй гэдгийг баттай хэлье. Энэ асуудлууд зах зээлийн жамаараа л явна. Мөн сайжруулсан түлшний нөхөн олговрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийж байгаа. Энэ сарын 15-н гэхэд энэ жил яг ямар ажлыг хэрхэн хийх тухай нарийвчилсан төлөвлөгөө гарна.

-Төлөвлөгөөнд ер нь ямар, ямар ажил тусгагдсан бэ?

-Бүрэн шаталттай сайжруулсан түлш, өмнө нь тараагдсан утаагүй зуух гэх мэтчилэн ажлыг бололцоогоор нь явуулна. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн.

Сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр олон судалгаа хийж байна. Судалгааг эхний ээлжид нийслэл дэх өөрийн бүтцийн байгууллагуудын янданг багасгахаас эхэлнэ. Эдгээр яндангууд нь гэр хорооллын айлуудын хэрэглээнээс илүүтэй асар өндөр түлш зарцуулдаг. Тиймээс бид өөрийн бүтцийн байгууллага гэхээр 60 орчим хорооны байр орж байгаа юм. Улаанбаатарын агаарт гарч буй хорт бодисыг ядаж өөрсдөөсөө эхэлж багасгая гэж зорьсон. Цаашлаад гэрэлтүүлэг, халаалтын асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр хэрхэн шийдэж болох вэ гэдэгт судалгаа явуулж байна.

-Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ажил хэчнээн төгрөг зарцуулах бол?

-Агаарын бохирдолд дангаар нь мөнгө зарцуулахад учир дутагдалтай гэдгийг өмнө нь хэлсэн. Тиймээс энэ жилээс агаарын бохирдол үүсгэж буй бусад хүчин зүйлтэй хамтатгаж цогц байдлаар ажиллаж, нэг мөр хөрөнгө оруулна. Агаарын бохирдлоос гадна гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах гэх мэтчилэн олон төсөл хөтөлбөрийг нийлүүлэхэд нэлээн том тоо гарах байх. Энэ бүх ажлыг агаарын бохирдлын эсрэг хийж байна гэж ойлгох хэрэгтэй.

Б.ЗАЯА