П.Баярхүү: Бид энэ төслийг зогсооно гэж нэг ч удаа хэлээгүй

2016-10-12 14:22:06
Эхлэл ба үр дүн
  • Анх 25 байршилд 37 компани төсөл хэрэгжүүлснээс одоогийн байдлаар 17 байршилд нийт 36 компани үйл ажиллагаа явуулж байна.
  • 7347 айлын газрыг чөлөөлөх гурван тал гэрээ байгуулснаас 1777 нь газраа чөлөөлжээ. Харин тэдний  623 нь одоо түрээсийн байранд амьдарч байна.
  • Төсөл хэрэгжүүлж буй 36 компанийн 12 нь барилгын ажлаа огт эхлүүлээгүй байна.
Энэ бол гэр хорооллын дахин төлөлвлөлтийн төсөлтэй холбоотой яг өнөөдрийн буюу хамгийн сүүлийн үеийн тоо баримт. Энэхүү мэдээллийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн газар хариуцсан орлогч дарга П.Баярхүү бидэнтэй ярилцах үеэрээ өгсөн юм.

Юун түрээнд, НИТХ-ын 2013 оны тогтоолоор баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрхэн эхэлсэн ба үргэлжилсэн талаарх мэдээллийг хүргэе. Энэхүү төслийг 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр үндэсний 38 аж, ахуйн нэгж сонгогдсон. Төслийг иргэн, нийслэл, компани гэсэн гурван талт гэрээ байгуулсны дүнд хэрэгжүүлэх заалттай. Төсөл хэрэгжүүлэх байршлын газар эзэмшиж буй иргэдийн 75-аас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно. Нийслэлийн зүгээс барилгын компаниудад инженерийн дэд бүтцийг нь татаж өгөхөөр тохирсон. Харин компаниуд орон сууц баригдаж дуустал иргэдийг түр байраар хангах, эсвэл түрээсийн орон сууцанд оруулах ёстой. Барилга баригдаж, ашиглалтад ороход тухайн газрын иргэнд газрын хэмжээнээс нь шалтгаалан нэг, хоёр, гурван өрөө байр олгох юм. Барилгын компаниуд илүү үлдсэн байраа зах зээлийн үнээр борлуулж, ашиг олох нөхцөлтэй. Уг нь аль аль талдаа ашигтай, өнөөдрийг хүртэл дэд бүтцийн салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн биеллээ олж болохоор нь энэхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл байв.

Ингээд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 38 аж ахуйн нэгжийн зарим нь гурван талт гэрээ байгуулж, иргэдийн газрыг чөлөөлж, орон сууцны шавь тавьж эхэлсэн. Баянзүрх, Сонгинохайран, Чингэлтэй гээд л гэр хорооллын айлуудын дунд нүсэр хөгжим дуугарч, лам хуваргууд ном уншсанаар энэхүү төсөл тун эрч хүчтэй эхэлж байсныг тодхон санаж байна. Эхэндээ хэвлэлийнхэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шавь тавих  ёслолын ажиллагаа” хэмээх мэдээллийг шүүрэн авч, сурвалжилдаг байсан бол шил шилээ дагасан шавь тавих ёслолыг тоохоо больж эхэлсэн. Ингэж явсаар 2013 он дуусч, 2014 онд анхны 588 айлын орон сууц ашиглалтад орсон. Дараах онд буюу 2015 онд 1656 айлын орон сууц ашиглалтад орж, 2583 иргэн орон сууцтай болсон. Харин энэ жил 4044 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан ч одоогийн байдлаар 318 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм. Тэгэхээр төслийн эхлэл болон өнөөдрийн үр дүн ямар байгааг уншигч та тунгаана биз ээ.

Иргэдийн хохирлыг хэн, хэрхэн барагдуулах вэ

Газраа чөлөөлсөн 1777, чөлөөлөхөөр төлөвлөж байгаа 5570, түрээсийн байранд амьдарч буй 623 айлын эрх ашиг энд яригдаж байна. Эдгээр хүмүүс төрөөс хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, эрвийх дэрвийхээрээ үүргээ биелүүлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугчид одоогоос гурван жилийн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, “Моннис урба девелопмент”, “Бүрд” гэсэн хоёр компанитай гэрээ байгуулжээ. Тэд өөрсдийн эзэмшлийн газраа 100 хувь чөлөөлснөөр дээрх хоёр компани нийлээд 23 га газарт барилга барихад бэлэн болсон аж. Гэвч энэ хугацаанд нэг ч байр ашиглалтад ороогүй төдийгүй долоон давхартаа хүрээд барилгын ажил нь таг зогсчээ. Хөхөө өвлийн хүйтэнд орох оронгүй болох дээрээ тулаад байгаа иргэд өнгөрсөн сард хэвлэлийнхэнд хандсан. Энэ мэтчилэн газраа чөлөөлсөн, чөлөөлөхөөр олон сар хүлээж суугаа хүмүүс цөхрөнгөө барж байна. Тэд “Нэгэнт нүүхээс хойш” гээд хашаа хороо, байшин саваа ч янзлахаа больсон гэх. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гацаа хүмүүсийн амьдралын хэмнэл, тав тухыг алдагдуулж байна. Тэд “Нүүх юм болов уу, үгүй юм уу” гэсэн асуулттай аж төрсөөр. Энэ асуултын хариултад Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн газар хариуцсан орлогч дарга П.Баярхүү хариулав. Тэрбээр “623 айл түрээсийн байранд байгаагаас 366 айлын нөхцөл байдал хүнд байна. Өвлийн улирал хаяанд ирчихээд байгаа энэ үед барилгын компаниуд түрээсийн мөнгөө өгөхөө больсон, зарим нь мөнгөө багасгах, нөгөө хэсэг нь түрээсийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар гэрээг нь сунгахгүй гэсэн асуудлууд гарч байна. Ямар ч байсан хот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эдгээр хүмүүсийг орон сууцтай болгоно” гэв. Ямартай ч нөхцөл байдал нь хүндэрсэн айл өрхийн хүмүүстэй уулзаж, түрээсийн мөнгийг нь үргэлжлүүлэн өгөх, зарим айл өрхийг орон сууцтай болгох, зарим компанийн ашиглалтад орсон байгаа орон сууц руу шилжүүлэх зэрэг зохицуулалтын ажлыг хийхээр болсон байна.

Төсөл гацсан гол шалтгаан юу байв

Төсөл хэрэгжүүлэгч 36 компаниас өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлыг огт эхлүүлээгүй 12, дөнгөж сууриа цутгасан долоо, таван хүртэлх давхарын карказ зутгасан таван компани байгаа аж. Харин барилгын 12 компани төлөвлөсөн орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тэдний ажил одоогоор 90 гаруй хувьтай байгаа гэнэ. Тэгвэл барилгын компаниуд яагаад барилгаа барьж дуусгахгүй, төслийг гацаагаад байгаа шалтгааныг судлахаар нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг гарч, энэ төсөл дээр ажиллаад дуусчээ. Тэд тайлангаа Засаг даргад танилцуулсан бөгөөд удахгүй хотын дарга шийдлүүдээ гаргаж, нийслэлийн иргэдэд танилцуулах юм байна.

Төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниудын зүгээс Улаанбаатар хот гэрээнийхээ дагуу инженерийн дэд бүтцийнг татаж өгөх үүрэгтэй ч энэ ажлаа хийгээгүй гэсэн мэдээллийг иргэдэд өгсөн байна. Гэтэл нийслэлийн төсвөөс 40, Чингис бондоос 60 гаруй тэрбум гээд нийт 100 гаруй тэрбум төгрөгийг төсөл хэрэгжүүлэгч 20 гаруй компанид цахилгаан, цэвэр ус, ариутгах татуурга, дэд станц гээд дэд бүтцийн асуудлаа шийдэхэд нь зориулан гаргаж өгчээ. Харамсалтай нь, зарим барилгын компаниуд дэд бүтэц татах мөнгөөр байшингийхаа суурийг цутгасан байсан нь Ажлын хэсгийнхний саяны шалгалтаар илэрчээ. Тэрчлэн төслөө хэт томоор төлөвлөсөн нь гацах нэг шалтгаан болсон аж. Тодруулбал, 20 байшин буюу хорооллын түвшинд дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн атлаа газар дээр нь хоёр, гуравхан байшин барьжээ. Нөгөө талаар, зарим компаниуд дэд бүтэц татаад, барилга угсралтын ажлаа эхлүүлчихвэл гаднын хөрөнгө оруулагчид гарч ирнэ гэсэн найдвар тээсэн нь буруутах нэг шалтгаан болжээ. Тиймээс эдийн засаг хямралтай энэ үед гандын хөрөнгө оруулагчид олдоогүйгээс барилгын компаниуд санхүүгийн хүнд байдалд орж, улмаар төслийг гацаасан аж.
 
Тодруулга

П.Баярхүү: Бид энэ төслийг зогсооно гэж нэг ч удаа хэлээгүй
Үүсээд байгаа асуудлыг шийдэх шинэ төлөвлөгөө гарсан тухай нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн газар хариуцсан орлогч дарга П.Баярхүү мэдээлсэн. Түүнээс энэ талаар нэмж тодрууллаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн инженерийн дэд бүтцэд 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ бол маш их хэмжээний мөнгө ч үр дүн муутай харагдаж байна?

-Тийм ээ. Үр дүнгийн хувьд харилцан адилгүй байна. Зарим барилгын компаниуд дэд бүтцээ татахын оронд хуваарилсан мөнгөөр барилгаа эхлүүлсэн бол зарим нь энэ ажлыг маш сайн хийсэн байх жишээтэй. Хөрөнгө оруулалтын хувьд нийслэл болон бондын мөнгөнөөс 100 гаруй тэрбум төгрөгийг энэ төсөлд гаргасан. Гэхдээ хийх ёстой ажлын 40 орчим хувь нь хийгдсэн байдалтай байна. Уг нь энэ мөнгөөр 1000 айлын орон сууц барих байсан. Түүнчлэн төслийн гацаанаас гарахын тулд банк болон хот нийт 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, төслийг үргэлжлүүлэх зорилгоор энэ санхүүжилтийг барилгын компаниудад гаргах яриа хэлэлцээ хийж, захирамж гаргахаар бэлдсэн байсан. Төслийг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Ямар ч тооцоо судалгаагүй, хэт их яарсан нь харагдсан.

-40 тэрбум төгрөгийн асуудлыг зогсоосон уу?

-Хүчингүй болгосон.

-Тийм учраас энэ төсөл зогсчихсон, эсвэл гацаад байгаа хэрэг үү?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогссон гэсэн мэдээлэл тархаж байгаа нь компаниуд санхүүгийн чадамжгүй гэдгээ нууж байгаа нэг хэлбэр. Түүнээс бид энэ төслийг зогсооно гэж нэг ч удаа хэлээгүй. Олон хүний ажил амьдралтай холбоотой асуудал учир үргэлжлүүлнэ. Гэхдээ үе шаттай хийнэ. Хоёр байшингаа барьж дуусгаад, дараагийн айлуудаа оруулж, чөлөөлсөн газар дээрээ байшингаа барих жишээний. Тэгэхгүй бол 20, 30 айлын газрыг чөлөөлөөд тэнд бүтэн хороолол босгох эдийн засгийн чадалтай компани Монголд алга байна.

-Энэ төслийг авч явах шинэ төлөвлөгөө гарсан гэсэн үү?

-Дахин төлөвлөлтийг гурван чиглэлээр хэрэгжүүлнэ. Эхэлсэн байгаа ажлуудыг дуусгана. Түүнээс биш цааш нь томруулахгүй гэсэн үг. Хоёрдугаарт, гэр хорооллын газрыг хашаагаар нь төлөвлөнө. Одоонийх шиг хэтэрхий томоор нь явуулахгүй. Гуравдугаарт, насжилт өндөртэй хуучны барилгуудыг дахин барилгажуулна. Нэгэнт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан энэ ажлыг дуусгахаас өөр аргагүй. Гэхдээ татсан дэд бүтэц нь хэр чанартай вэ гэдгийн дахин шалгана. Тухайлбал, “Цэлмэг Ази” компани 20 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр Сэлбэ гол дагуу 6.7 км бохирын шугам татсан. Гэтэл энэ шугам ашиглалтад ороод жил бололгүй байж голын хөрсний усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон байгаа юм.

-Нэмж хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай болох вэ?

-Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын газраас 17 байршилд 2017-2018 онд ажил хийж дуусгана гэвэл 123.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Энэ жил гэхэд л эдийн засаг хумигдаж, хотын төсөв 100 гаруй тэрбум төгрөгийн тасалдалттай хүндхэн нөхцөлд байна.

Б.Бямбасүрэн