М.Отгонбаяр: Урлаг соёлын арга хэмжээгүйгээр их хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй

2016-10-12 13:09:46
Сүхбаатар талбайд зохион байгуулсан “Улаанбаатарын намар” арга хэмжээнд нийслэлийн төсвөөс 200 сая гаруй төгрөг зарцуулсан гэх мэдээлэл гарч, олны шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ мэдээллийн мөрөөр бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраас цөөн зүйл тодрууллаа.

-Никитон, Камертон хамтлагууд төв талбайд тоглолтоо хийж, нийслэлчүүд нэгэн оройг сайхан өнгөрүүлсэн. Гэхдээ энэ хамтлагуудад их хэмжээний мөнгө төлж төсвийн хөрөнгийг үрлээ гэсэн шүүмжлэл гарч байна. Та энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-“Улаанбаатарын намар” гээд залуучуудад зориулсан намар цагийн сайхан арга хэмжээг хотоос зохион байгууллаа. Ер нь бол “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр гурван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд маш олон урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж, иргэд  дэмжиж ирсэн юм. Урлаг соёлын болон уг хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулагдсан арга хэмжээнд  2015 онд 4.2 тэрбум төгрөг төсөвлөж зарцуулсан, 2016 онд 3.6 тэрбум төгрөг төсөвлөөд зарцуулсан. Бид Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бүс нутагтаа аялал жуулчлалын томоохон төв болгоно гэсэн зорилттой ажиллаж байгаа. Улаанбаатар хотод олон олон арга хэмжээ болж байж, гадна, дотнын жуулчдыг татах боломжтой. Энэ бол үе үеийн хотын удирдлагуудын баримталж ирсэн бодлого, хийж ирсэн соёлын ажил. Тэрнээс өнөөдөр л айхтар их мөнгө зараад, үрэн таран хийсэн зүйл алга.

-Урлаг, соёлын арга хэмжээг буруушаахгүй. Гол нь хотын төсвөөс их мөнгө зарчихсан юм биш үү?

“Улаанбаатарын намар” арга хэмжээнд хотоос  100 сая төгрөг зарцуулсан.  Дээрхи хөрөнгөний дийлэнхи нь тайз засалд  зарцуулагдсан.  Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дуу бүжгийн чуулгын тайз нь орчин үеийн,  тоноглол сайтай, гэрэлтүүлэг, дуугаралт ч өндөр түвшнийх учраас  Нийслэлийн  засаг даргын тамгын газраас уг тайзыг түрээслэн хэрэглэсэн . БНХАУ ын буцалтгүй тусламжаар  Батлан хамгаалах яамд ирсэн энэ  тайзыг Сүхбаатарын талбай дээр авчирахад 10 том шалаанз дээр ачдаг. Тайзыг мэргэжлийн хүмүүс ачина, буулгана, угсарна, задална. Дээр нь гэрэлтүүлэг, хөгжим ашиглана. Цэргийн дуу бүжгийн чуулганыхантай бид хамтарч ажилласны гэрээнд 30 сая төгрөг л өгсөн. Төрийн нэг байгууллагаас нөгөөд шилжсэн ийм мөнгө. Өмнө нь иймэрхүү хэмжээний тайзыг 300-400 сая төгрөгөөр түрээсэлдэг байсан. Нөгөө талаар   “Улаанбаатарын намар” арга хэмжээг  Улаанбаатар хотын банк, Барилгын үндэсний ассоциаци дэмжин ажилласан. Тал  талаасаа эрвийх дэрвийхээрээ  зүтгэж байж хийсэн гэж ойлгож болно.  Цаашдаа  Улаанбаатар хотоо  Урлагийн хот болгох зорилтыг хэрэгжүүлж,  хотын соёл  боловсролд онцгой анхааран ажиллана.

-Зөвхөн тайзыг уу?

-Тайзыг. Ингээд л өмнө хийдэг байсан арга хэмжээний нэг шүү дээ. Энэ удаад бололцоотой бүх нөхцөлөөр төсвийг хянаж, танаад хийсэн арга хэмжээ. Саяын тохиолдолд спонсор байгууллагууд хоттойгоо хамтарсны хүчинд зардлаа аль болох бага түвшинд барьсан юм. Улаанбаатар хот нэг сая 350 мянган хүн амтай. Ирж буцаж байгаатайгаа нийлээд 1.7 сая хүн амтай. Үүний 40 хувь нь залуучууд. Улаанбаатар хотод оюутнууд гэхэд л 120 мянга байна. Энэ олон залуучууддаа зориулж хотын захиргаанаас арга хэмжээ зохион байгуулах ёстой. Хотод дэд бүтэц, зам харгуйгаа сайжруулах, барилга байгууламж барьж, цэцэрлэг, сургуулиа өргөтгөх гээд олон ажил байгаа. Хотын захиргааны хийдэг үндсэн ажлын салаа мөчир нь соёл, урлагийн арга хэмжээ байхгүй юу. Соёл урлагаараа залуучууддаа хүртээмжтэй ажиллах ёстой гэж боддог.

-Шат шатандаа эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт зогссон гэж ярьж байна. Энэ нөхцөлд хотоос хариуцаж зохион байгуулдаг урлаг соёлын арга хэмжээг нэг жилийн хугацаанд хязгаарлах боломж байх уу?

-Дэлхийн хотууд урлаг, соёлын маш олон арга хэмжээг жил тойроод зохион байгуулдаг. Тэр хэрээрээ аялал жуулчлалаас олж байгаа орлого дээшилж, иргэдийнх нь сэтгэл ханамж сайхан байдаг. Манайх юу ч хийхгүй гэвэл суугаад л байж болно. Улаанбаатар том хот учраас нэг талдаа асуудал байсан ч нөгөө талдаа асуудлаа шийдээд явж байх ёстой. Энэ олон залуучууд чинь залуу насандаа дурсах, үзсэн харсан юмтай байх хэрэгтэй байна шүү дээ. Хот иргэдээ амар тайван, ая тухтай байлгах ёстой шүү дээ. “Найрсаг Улаанбаатар”-ын хөтөлбөрийн хүрээнд өмнө нь олон гоё арга хэмжээг хийж байсан. Хийх ч ёстой. Саяынх бол намар оройн сайхан арга хэмжээ байсан. Хотоос зургадугаар сарын 1-нд, өвөл болдог Мөнгөн шөнө арга хэмжээг арваад жил зохион байгуулж байна. Энэ бүрийг шоудлаа, мөнгө зарлаа гэж болохгүй байх аа. Яах вэ, аливаа арга хэмжээнд төсвөөс хөрөнгө зарахаас гадна байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтрах хэрэгтэй. Бид шинэ жил, зургадугаар сарын 1-нд байгууллагуудад Сүхбаатарын талбайгаа өгчихье гэж бодож байгаа. Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл гээд үндэсний компаниуд маань ээлжлээд хийнэ биз.