Д.Отгонбаатар: Программын шинэчлэл дуустал кондуктор ажиллана

2016-10-20 15:50:23
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим систем нэвтрээд багагүй хугацааг үдэж буй. Гэвч шинэчлэгдэж буй нийтийн тээврийн салбарт кондукторуудыг яагаад давхар ажиллуулж байгаа шалтгааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатараас тодруулсан юм.

-Смарт карт нэвтрүүлсэн нийтийн тээврийн салбарт кондукторууд давхар ажиллаж байгаад иргэд  гайхаж байна?

-Хяналтын журмаар 600 хянагч ажиллаж байгаа. Учир нь, нийтийн тээврийн үйлчилгээг 100 хувь цахим болгох программын хөгжүүлэлт хараахан дуусаагүй байгаа юм. Одоогоор 85 хувьтай. Уг нь, программын хөгжүүлэлт өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд дуусна гэж байсан нь ч зургадугаар сар болж хойшлогдсон. Үүний дараа оны дараа болж дахин хойшлогдсон. Тиймээс хяналтын журмаар кондукторуудыг ажиллахаас өөр аргагүй.

-Программын хөгжүүлэлт дуусаагүй байлаа гэхэд кондуктор ажиллуулах шаардлага бий гэж үү. Уг нь, нийтийн тээврийн үйлчилгээг соёлжуулахын тулд кондуктор гэдэг хүнийг смарт картаар сольсон шүү дээ?

-Тэр тийм ээ. Гэхдээ хяналт тавихгүй бол болохгүй байна. Өнөөдөр картаа уншуулаад явж байгаа хүмүүсээс гадна бэлэн мөнгөө дутуу хийх, хүүхдийн болон өндөр настны картаар зорчсон олон тохиолдол гарсан. Уулын мод урттай богинотой, хүний дотор сайнтай муутай гэгчээр зорчсоны төлбөрөө төлж байгаа хүн байхад үнэгүй зорчих санаатай туулайчлагчид ч байна. Энэ мэт үйлдлээс болоод энэ салбар алдагдалд орж байгаа тул хянагчдыг олноор ажиллуулж байгаа юм.

-Тэгэхээр смарт карт үйлчилгээнд нэвтэрснээс хойш хэдий хэрийн алдагдал хүлээсэн  юм бэ?

-Тодорхой хэмжээний алдагдал хүлээгээд байна. Алдагдлын шалтгаан нь нэгдүгээрт картын хэрэглээ буурсан. Хоёрт, бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэд мөнгө дутуу хийж байна. Гуравт, хүүхэд, тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн смарт картаар зорчсон хэд хэдэн тохиолдол гарсан. Тэгэхээр программын шинэчлэл дуустал яах аргагүй эргээд кондуктороо хянагчаар ажиллуулахаас аргагүйд хүрсэн. Кондуктор ажиллаж байж уранхай мөнгөнүүдийг эвлүүлж наасан, дутуу хийдэг, цаас дунд нь хавчуулсан гэх зүй бус зөрчлүүдийг илрүүлж байна шүү дээ.

-Смарт карт цэнэглэх газрууд цөөрсөн талаар иргэд их ярьж байна лээ. Яагаад цэнэглэх цэгийн тоо буурав?

-Уг нь, смарт картын үйл ажиллагаа түрүүнд нь явах ёстой л доо. Одоо араас нь чирэгдээд байна. Анх карт цэнэглэх 350 цэг байсан юм. Гэтэл нэг хувиа авдаг болохоор тэр юм уу цэгийн тоо буурсан. Нөгөөтэйгүүр, иргэн өглөө эсвэл орой ажлаа тараад картаа цэнэглэхээр зорин очиход ажиллаж л байх ёстой. Гэтэл цэнэглэх төвийн хүн нь 18:00 цаг боллоо үгүй юу явчихдаг. Арга хэмжээ ч авахгүй юм. Уг нь,  6:30-22:30 тасралтгүй  ажиллах ёстой шүү дээ. Картын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээний нэг нь хянагч кондуктор.

-600 кондукторыг хаанаас цалинжуулж байгаа юм?

-Тухайн компани. Улаанбаатар смарт карт компани хянагчаар ажиллуулж байгаа учраас цалин хөлсийг нь бодож л өгөх ёстой.

-Улаанбаатар смарт картынхны программын шинэчлэл хэзээ дуусна гэж мэдэгдсэн бэ. Та ажлаа хүлээж аваад уулзсан байх?

-Уулзсан. Хотын дарга ч уулзаад эхлүүлсэн энэ ажлыг ухраах ёсгүй. Яаравчлан ажлаа дуусгахыг үүрэг болгосон. “Аз жаргалтай хот-Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсгийнхэн ч энэ асуудлаар хуралдсан байгаа. Өнгөрсөн хугацаанд тус компанид хандаж 2015 онд 105, 2016 онд 151 удаа үйл ажиллагаагаа сайжруулж, программын шинэчлэлээ хугацаанд нь хийхийг анхааруулсан албан бичиг явуулсан байх юм. Тэгээд ч ажлаа хугацаанд нь хийхгүй хойшлуулаад байна. Шаардлагатай бол дахин уулзана.