Ж.Батбаясгалан: Улаанбаатар хотод аялал жуулчлалын тусгай бүс байгуулна

2016-11-10 13:36:04
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа.

-Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхээр Засаг даргын хөтөлбөр батлагдсан гэсэн?

-Есдүгээр сарын 29-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаан болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан байгаа. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа эхний ээлжид эдийн засгийн хүндрэлийг даван туулъя. Цаашлаад эдийн засгаа тогтворжуулж, өсгөх ажлыг хийе гэсэн зорилт тавиад байна. Эдийн засгаа өсгөхийн тулд эхний ээлжид аялал жуулчлалд тулгуурлахаар болсон. Монгол орныг зүүн хойд Азийн аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгоё гэсэн том зорилт тавьсан. Аялал жуулчлал гэдэг жуулчдад улс орныхоо сайхан зүйлийг харуулж, сайн үйлчилгээгээр дамжуулж гаднаас хөрөнгө төвлөрүүлэх зорилготой томоохон салбар. Магадгүй өнөөдөр харахад нэлээд хэцүү зорилт боловч алс хэтдээ өгөөж нь сайн байх болно.

-Уг хөтөлбөрийг хэгэгжүүлэхэд шинээр баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудал их үүрэг гүйцэтгэх байх?

-Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх буудал жуулчдыг хүлээж авах замаа өргөтгөж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр бид жуулчдыг хүлээж авах хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэсэн үг. Дээр нь бидэнд хурдны замаас гадна Монгол Улсын нийслэлээр дамжин өнгөрдөг олон улсын төмөр зам бий. Өнөөдөр энэ тээврийн шугамуудаар олон мянган хүн гаднаас ирж байна. Ихэнх нь жуулчлахаар ирж байгаа ч зарим нь дамжин өнгөрч байгаа. Тэгэхээр бид энэ бололцоогоо бүрэн дайчилж нэг ч гэсэн жуулчинг Улаанбаатар хотод сэтгэл ханамжтайгаар сайхан үйлчилгээ авах таатай орчинг бүрдүүлье гэсэн зорилготой ажиллаж байна.

-Аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч эхлэх вэ?

-Би аялал жуулчлалын сэдвийг маш эмзэг салбар гэж боддог. Жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих байдлыг бүрдүүлж мэргэжлийн байгууллагуудтай хамтарч жуулчдад ээлтэй хот болгоно гэсэн зорилт тавьж байгаа. Улаанбаатар хотын бүх уулзвар гарц камертай болсон. Камерын хяналтыг ашиглаж халаасны хулгайг илрүүлэхээр түргэн шуурхай арга хэмжээ авна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэний харъяалал харгалзахгүйгээр олгох зохицуулалтыг нийслэлийн нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд бүрдүүлэхээр төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.

Мөн Улаанбаатар хот аялал жуулчлалыг татах өөрийн гэсэн брэндтэй байх ёстой гэж үзэж байгаа. Олон улсад хаанаас нь ч харсан Улаанбаатар хотыг санагдуулам брэндийг би болгох хэрэгтэй. Тэгж байж бид жуулчдыг татна. Түүгээр зогсохгүй Улаанбаатар хотод олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг байх ёстой. Тухайлбал, “Улаанбаатар марафон” спортын том брэнд болчихсон учраас олон булсаас хүмүүс ирж оролцдог болсон шүү дээ. Энэ мэт үйл ажиллагааг зохион байгуулж байж бид жуулчдыг татна. Үүний хүрээнд бид JCI олон улсын залуучуудын байгууллагын Ази Номхон далайн бүс нтугийн чуулганыг ирэх жил Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. Чуулганд JCI байгууллагын удирдлагууд болоод 4000 гаруй гадаадын залуус ирж оролцох юм. Манай улсад JCI-ын Ази Номхон далайн бүс нутгийн чуулганыг зохион байгуулах болсон нь гадаадын орнууд Улаанбаатар хотод итгэж байгааг харуулж байна. Энэ бол Улаанбаатар хотоос хийж байгаа томоохон ажлын нэг. Гадаадад Монгол Улсын нэр хүндийг өсгөх томоохон ажлын нэг хэсэг болно.

-Ямар бүтээн байгуулалт хийх вэ?

-Зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт үндэсний спортоо хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлалын соёлын төв байгуулахаар болсон. Тэр дундаа морин уралдаан, морин аялал, бизнес үзэсгэлэнг зохион байгуулах төвүүдийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах гадаадын хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалд түлхүү татаж цогцолборуудыг байгуулахаар төлөвлөсөн. Мөн хөрөнгө оруулалт аялал жуулчлалыг татах зорилготой Улаанбаатар хотын аялал жуулчлалын тусгай бүсийг тодорхой шаардлагын дагуу байгуулдаг. Үүнд үйлчилгээний газрууд уртасгасан цагийн хуваарийн дагуу ажилладаг байх ёстой. Тухайн улсын болоод олон улсын үндэсний хоол, үйлчилгээний цэгүүд төвлөрсөн байх шаардлагатай байдаг. Дээр нь интертайнмент төвүүдийг байгуулна.  Үүнд язгуур урлаг, орчин үеийн урлагийн олон төрлийн үйл аижллагааг явуулдаг байхаар зохицуулна. Энэ мэт тусгай бүст мөрдөгддөг журам, аюулгүй байдлын шаардлага дүрмийн дагуу зохицуулагдаад явна.

-Улаанбаатар хотын аялал жуулчлалын тусгай бүсийг хаана байгуулахаар төлөвлөж байгаа.

-Тусгай бүсийн тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тулгуурлаж шинэчлэн тогтоох ёстой. Олон улсын жишигээр онгоцны буудлын дэргэд “Aero city” гэж нэрлэгддэг хотууд байгуулагддаг. Тэр жишээгээр бүтээн байгуулалт хийх байх.

-Тус бүс нутагт казино байгуулна гэсэн яриа гараад байсан?

-Казино гэдэг гадны иргэд таатай орчинд тодорхой хэмжээний хөрөнгөө зарцуулж чөлөөт цагаа өнгөрөөж байгаа хэлбэр шүү дээ. Гэхдээ үүнийг Нийслэлээс шийдвэрлэдэг асуудал биш. Казиногийн тухай хуулийн төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газарт өргөн барьчихсан байгаа. Үүнийг УИХ-аар шийдээд баталчихсан тохиолдолд хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

-Ирэх онд олон ажил хийхээр төлөвлөсөн юм байна. Аялал жуулчлалын салбарт хэдэн төгрөг төсөвлөөд байгаа вэ?

-2017 оны Нийслэлийн төсөв батлагдаагүй учраас хэлэх боломжгүй байна. 

С.Ариун