П.Баярхүү: Эдийн засаг хүнд байгаа ч бүтээн байгуулалт руу чиглэсэн төсөв болсон

2016-12-09 10:51:28
Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй ярилцлаа. Бидний яриа нийслэлийн төсөв тойрч өнгөрөв.

Өнгөрсөн долоо хоногт НИТХ-аар хэлэлцээд нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа. Төсөв боловсруулахдаа юун дээр анхаарсан бэ?

Эдийн засаг хүнд байгаа ч бүтээн байгуулалт руу зүтгэсэн төсөв боллоо гэж дүгнэж байна. Бүтээн байгуулалтууд ерөнхийдөө хүн рүүгээ чиглэсэн тал даа. Зам, уулзвар, гүүр өргөтгөж түгжрэлийг сааруулах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих зэрэгт тодорхой хөрөнгүүдийг суулгасан. Төсөв боловсруулахад Нийслэлийн иргэний танхимд хоёр ч удаа иргэдээ цуглуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Ийм учраас хүнийхээ төлөө юу хийх вэ гэдэг дээр анхаарсан.

Хийх ёстой байсан ч хөрөнгийн байдлаас хамаарч хойш тавьж, үлдээсэн ямар ажлууд байгаа вэ?

Бид концессийн гэрээний ажлуудыг ерөнхийд нь хойш тавилаа. Авто зам, дэд бүтцийн их зардалтай ажлаа бас хойшлууллаа. Хойш нь тавьсан ажлаа дараа, дараагийн төсөв, тодотголдоо суулгаад үргэлжлүүлнэ. Өнөөгийн Улаанбаатарт, нийслэлийн иргэдэд хамгийн чухал байгаа ажлуудыг эрэмбэлж оруулсан гэх үү дээ.

Э.Бат-Үүл баатрын баг түгжрэлийг сааруулах, автозамыг өргөтгөх, уулзварыг нэмэх ажлыг сайн хийсэн. Тэгвэл Су.Батболд багаас энэ хэмжээний бүтээн байгуулалтын нийслэлчүүд нэхнэ. 2017 онд барих, эхлүүлэх зам, гүүр, уулзварын талаар танилцуулна уу?

Мэдээж гэр хорооллын айл өрхийг инженерийн байгууламжтай болгох, ая тухтай амьдруулах ажлыг хот бодлогоороо үргэлжлүүлнэ. Орлогод нь нийцсэн орон сууцаар хангах, иргэдийнхээ эрх ашгийг нэгт эрэмбэлсэн дахин төлөвлөлтийн ажлыг явуулна. Үүний хажуугаар Найрамдал зуслангаас Орбит хүрэх 15,3 км замын ажил төсөв дээр тавигдсан. Баянзүрхээс Налайх орох 20,9 км замын ажил байна. Баянзүрхийн хоёр эгнээтэй гүүрийг шинэчилж дөрвөн эгнээтэй болгоно. Сонсголонгын гүүрийг шинэчилнэ. Мөн байнгын түгжрээ  үүсч байдаг Замын цагдаагийн гарам давдаг хэсгийг олон төвшний уулзвартай болгоно. Гурвалжингийн гүүрэнд тойрог хийнэ. Сэлбэ голыг Хайлаасттай холбох зам, гүүрийн ажил байна. Байшин хоорондын замыг сайжруулах, орц, гарцыг нэмэгдүүлэх, хооронд нь холбох ажлуудыг хийнэ. Үндсэндээ 20-иод уулзвар, замын ажилд зарцуулах хөрөнгө нийслэлийн төсөвт суулаа.
 
Нийслэлд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ бага. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, цэцэрлэггүй хороод нилээд бий. Хотын захиргааны шинэ төвтэй болсноос энэ асуудлаа эрэмбэлж шиидье гэж хотын дарга хэлж байсан. Энэ биелэлээ олсон уу?

Гурван ээлжээр хичээллэдэг 29 сургууль байна. Сонгинохайрхан дүүрэгт есөн сургуулийн барилга, Сүхбаатарт нэг, Хан-уул дөрөв, Баянголд тав, Баянзүрхт долоо, Чингэлтэйд дөрвөн сургуулийг өргөтгөх хөрөнгийг суулгалаа. Ингэж өргөтгөхөөр гурван ээлжээр хичээллэдэг эдгээр сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой болно гэсэн тооцоолол хийсэн. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургуулийн ажил 2017 онд эхлэх юм. Мөн ирэх онд 27 цэцэрлэгийн ажлыг урагшлуулах хэмжээний хөрөнгө хотын төсөвт суулаа. Нийслэлийн төсвөөр 14, концессоор 13 цэцэрлэгийн барилгын ажил явна. Дээрээс нь нийслэл Хүүхдийн эмнэлэгтэй болно гэж зорьж байгаа. Энэ ажил төсөвт суусан байгаа. Мөн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нийслэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх ёстой асуудлуудыг нь шийдэхээр байгаа.

Хөрөнгө санхүү муу байгаа гэж та хэлэх юм. Гэтэл Э.Бат-Үүл хотын шинэ даргад ажлаа өгөхдөө “Өмнө нь хотод байгаагүй их төсөв үлдээлээ шүү” гэж хэлсэн. Аль нь үнэн юм бэ?

Нэг л жишээ хэлье. Улаанбаатар хот жилдээ 150-170 тэрбумын хөрөнгө оруулалт хийдэг. Бусад нь урсгал зардал, цалин гээд гараад явчихдаг. Үлдсэн нь хотын өөрийнх нь бүтээн байгуулалт хийдэг мөнгө. Гэтэл нийслэлийн Засаг даргыг ажлаа авахад 464 тэрбум төгрөгийн концесс хийчихсэн байсан. Дөрвөн жил юу ч хийж болохооргүй Улаанбаатар хотыг хүлээж авсан. Ийм хүнд төсөв дотор нэлээд сайн шигшиж байж багахан хэмжээний бүтээн байгуулалтын зардлуудаа гаргаж ирлээ. Концесс бол ирээдүйгээсээ зээлж өнөөдөр хэрэглэж байгаа хэлбэр шүү дээ.

Нийслэлийн хувьд ярихад төсөв лээр ачаалал болж байгаа зүйл юу байна?

Хотын өмнөх удирдлагууд ч мэдэж байгаа. Хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр байсан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сурагч, оюутны автобусаар зорчих зориулалтын 35 тэрбум төгрөгийн хөрөнгийг хот дээр аваачаад наачихсан. Ингээд бид чинь нийтийн тээвэрт жил бүр 100 тэрбум төгрөг сул өгч байна. Засгийн газрын хариуцддаг байсан зүйлийг хот дээр аваачиж наасан нь дарамт болж байна. Ирэх жилийн төсөвт суучихлаа, үүрээд л гарна даа.

Тусгай замын автобус буюу BRT гэж төслийг сүүлийн үед нэлээд ярьж байна. Хэзээ үр дүнг нь үзэх төсөл вэ?

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих BRT төсөл ирэх хавраас эхэлнэ. Холбогдох судалгаа нь бол хэдэн жилийн өмнөөс хот дээр хийгдсэн байдаг юм. Энэ төсөл нийслэлийн замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой. Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын нэгдүгээр эгнээгээр автобус 10-15 км цагийн л хурдтай явж байгаа. BRT-ыг оруулаад ирвэл 35-45 км цагийн хурдтай явах боломжтой. Зорчих хэсгийн нэг, хоёрдугаар эгнээгээ автобуснаас чөлөөлөөд автобуснаас чөлөөлөөд, автобус гурав, дөрөвдүгээр эгнээгээр явна гэсэн үг.

“Тусгай замын автобус” гэхээр нэрнээс нь тусгай автобус явах юм байна гэж бодсон. Биш юм уу?

Одоо байгаа автобусаа л явуулна. Одоо манай нэгдүгээр эгнээгээр автобуснаас гадна тусгай дуут автомашин, такси, сурагчдын автобус явдаг. Тэгэхээр чинь түгжрэл үүсдэг. Тийм учраас тусгай замаараа нийтийн тээврийн болон сурагчдын автобусаа л явуулъя гэж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье