Дорнын их найрагчийн цэцэрлэг бүтээсэн хотыг шагнав

2012-01-11 00:00:00

Монголын Зохиолчдын эвлэлийн жил бүрийн оны шилдгүүдээ шалгаруулдаг  “Алтан өд” шагнал гардуулах ёслол боллоо. Салбар чиглэл тус бүрээр шилдэгүүдээ тодруулснаас гадна өнгөрсөн онд зохиолчиддоо төдийгүй иргэддээ зориулан томоохон хөрөнгө оруулалт хийж, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан хотыг МЗЭ-ийн нэрэмжит “Алтан өд” шагналаар шагнасан юм.
Хашааных нь зохиомжноос авахуулаад дэлгэсэн ном хэлбэртэй, ханан хээгээр чимэглэсэн, орчин үеийн шийдэл, загвар бүхий цэцэрлэгт хүрээлэнд Их найрагчийн төрсөн нутагт нь босгосон хөшөөнийх нь дараах 2 дахь хөшөөг бүтээн босгосон юм. Мөн хиймэл цөөрөм, өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдсэн 3 мөнгөн аяга бүхий усан оргилуур, Монгол Улсын нутаг дэвсгэрийг харуулсан чулуун бүтээл байгуулснаас гадна 30 мянган ширхэг сөөг, 15-20 настай 110 ширхэг нарс, 90 ширхэг гацуур мод шилжүүлэн суулгаж, 2500 метр квадрат талбайг зүлэгжүүлсэн байна.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Монгол Улсын төв нийслэл Улаанбаатар хотноо сүндэрлэн боссоноор Монголын түүхэнд үлдэх томоохон бүтээл болж, үе үеийн хүүхэд залуучуудад монголоороо бахархах, омогших боломж олгож байгаагаас гадна хүүхэд, залуучууд, ахмад настангуудын амарч тухлах нэгэн сайхан газар болж чадсан юм.