Аттестатчилал зохион байгуулах тухай

2011-09-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6."Л" 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэж байгаа зочид буудал, дэн  буудлуудыг аттестатчилалд хамруулах ажлыг 2011   оны  09 дүгээр  сарын 26-наас 10 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Ш.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
  2. Аттестатчилалыг зохион байгуулах удирдамжийг хавсралтаар баталсугай.
  3. Өөрийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл  ажиллагаа явуулж   байгаа байгууллагуудыг  аттестатчилалд  хамруулахыг  дүүргүүдийн Засаг дарга нарт, өөрийн байгууллагын холбогдох ажилтануудыг аттестатчлалын ажилд идэвхитэй оролцуулахыг  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар  /Л.Бямбасүрэн/, нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын
26-ний өдрийн 698 тоот захирамжийн хавсралт


НИЙСЛЭЛИЙН НУТАГДЭВСГЭРТҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭЖ БАЙГАА ЗОЧИД БУУДАЛ,
ДЭН БУУДЛУУДЫГ АТТЕСТАТЧИЛАХ УДИРДАМЖ


Зорилго
     Аялал жуулчлалын үйлчилгээний салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтийг хангуулах, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07-р сарын 20-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам"-ыг хэрэгжүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэхүү аттестатчилалын зорилго оршино.

Хамрах хүрээ
     Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн зочид буудал, дэн буудлууд хамрагдана. Зэрэглэл бүхий буудлуудыг тухайн одны ангилалд тавигдах стандарт, шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоож эрх бүхий байгууллагад уламжилна.

Хугацаа
     Аттестатчилалыг 2011 оны 09-р сарын 26-ноос 10-р сарын 28-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Дүүргүүдэд аттестатчилал явагдах хуваарийг тусгайлан гаргана.

Зохион байгуулалт
     Аттестатчилалыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас удирдан зохион байгуулах бөгөөд нийслэлийн Нутгийн захиргааны дараах байгууллагууд хамтран оролцоно. Үүнд:

  • Нийслэлийн Цагдаагийн газар
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар
  • Монголын зочид буудлуудын холбоо /зөвшилцсөнөөр/

     Аттестатчилалыг явуулахтай холбогдон аж ахуй нэгжүүдэд урьдчилан мэдээлэл өгөх уулзалтыг дүүрэг бүр дээр зохион байгуулна. Аттестатчлалыг явуулахдаа Монгол улсын "Төрийн хяналт шалгалтын тухай" хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ажиллах бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлгүйгээр явуулахыг эрхэмлэн ажиллана.

Аттестатчилал хийх чиглэл
     Аялал жуулчлалын үйлчилгээний салбарт мөрдөгдөж байгаа дор дурьдсан Монгол Улсын хуулиудын хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийнэ.

  • Аялал жуулчлалын тухай хууль 
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
  • Захиргааны хариуцлагын тухай
  • Хүнсний хууль
  • Ариун цэврийн тухай хууль
  • Барилгын тухай хууль

     Мөн аялал жуулчлалын үйлчилгээний салбарт мөрдөгдөж байгаа дор дурьдсан стандартуудын биелэлтийг тусгайлан боловсруулсан хүснэгтийн дагуу шалгаж биелэлтийн хувийг тогтооно. Үүнд:

  • MNS 5409:2004 Аялал жуулчлал, байрны нэр төрлийн томъёо
  • MNS 5824:2007 Аялал жуулчлалын байр сууцны төрөл, үндсэн шаардлага
  • MNS 4588:2008 Зочид буудалд тавих ерөнхий шаардлага
  • MNS 5738:2007 Дэн буудалд тавих ерөнхий шаардлага
  • MNS 5927:2008 Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага
  • MNS 4946:2005 Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага
  • MNS 5537:2005 Авто замын дагуух үйлчилгээний байгууламж
  • MNS 900:2005 Ундны усны эрүүл ахуйн шаардлага
  • MNS 4244:1994 Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага
  • MNS 5342:2003 Авто машины зогсоол, ангилал, ерөнхий шаардлага
  • MNS 5344:2003 Ахуйн хог хаягдал тээвэрлэлт, ангилал, ерөнхий шаардлага

     Стандартын биелэлт 90%-с доош гарсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож хугацаатай албан даалгавар өгнө.
     Аттестатчилалд хамрагдсан байгууллага бүрт стандартын хүснэгтийг 2 хувь бөглөнө. Мөн тусгай тэмдэглэл хөтөлж тухайн аж ахуйн нэгжийн албан тушаалтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
     Дүүрэг бүр дээр ажлын хэсэг байгуулагдах бөгөөд ажлын хэсэгт дор дурьдсан албан тушаалтнууд орно. Үүнд:

  • Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн
  • Дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн аялал жуулчлал болон нийтийн хоол хариуцсан зохион байгуулагч
  • Дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах тасгийн ажилтан
  • Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний улсын байцаагч
  • Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагч
  • Нийслэлийн онцгой байдлын газрын галын болон барилгын байцаагч
  • Монголын зочид буудлуудын холбооны ажилтанууд /зөвшилцсөнөөр/

Үр дүн
     Аттестатчилалыг зохион байгуулснаар хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж стандартын шаардлага хангагдана. Үйлчилгээний чанарын түвшин дээшилж үйлчлүүлэгчдийн эрх ашиг хамгаалагдана. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна. Нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа болон стандартын шаардлага хангаагүй байгууллагуудын үйл ажиллагааг зогсооно.

Зардал
     Аттестатчлал зохион байгуулах ажлын хэсгийн унааны зардлыг гүйцэтгэлээр нийслэлийн Аялал жуулчлалын газрын урсгал зардлын төсвөөс гаргана.