Нийслэлийн ногоон бүсиин оид цэвэрлэгээний огтлолт хийлгэх тухай

2010-05-13 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "2010 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай" 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-12 дугаар тушаал, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын "Хамтран ажиллах тухай санамж бичиг"-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. 2010 онд Нийслэлийн ногоон бүсийн ойд цэвэрлэгээний огтлолт хийх ажлыг Зэвсэгт хүчний 310 дугаар ангиар холбогдох журам, зааврын дагуу технологийн горимыг чанд баримтлан мэргэжлийн түвшинд хийлгэж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/-т үүрэг болгосугай.

     Хоёр. Ногоон бүсийн ойн цэвэрлэгээний огтлолтоос гарсан модыг Улаанбаатар хот болон хот орчмын цэргийн анги салбарын түлшний хэрэгцээг хангаж, илүү гарсныг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.2.10 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор зах зээлийн үнээс доогуур борлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн халамжийн үйлчилгээний газар /М.Уламбаяр/, Зэвсэгт хүчний 310 дугаар анги /хурандаа Б.Ганбаатар/-д тус тус хариуцуулсугай.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболдод даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР