Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-05-21 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн зам засварын ажлын хүрээнд авто замын хөделгөөний түгжрэлийг багасгах, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөн шинэчлэх авто замын уулзварын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан замын ажлуудад шаардагдах 171334444 /нэг зуун далан нэгэн сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 134 дүгээр захирамжийн нэг, хоёрдугаар хавсралтаар батлагдсан нийслэлийн замын сангийн хөрөнгөөр санхүүжих Орон сууцны хорооллын доторхи болон хотын доторхи авто замын урсгал засварын ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс зарцуулахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР