Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-02-11 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр нийслэлд 2010 онд хэрэгжүүлэх Шинээр баригдах болон өргөтгөл, шинэчлэлт хийх зам, замын байгууламжуудын жагсаалтыг нэгдүгээр, Инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хоёрдугаар, Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатыг шинэчлэх ажлын задаргааг гуравдугаар, Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварын ажлын задаргааг дөрөвдүгээр, Хот нийтийн аж ахуйг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нэг, хоёрдугаар хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатар, гурав, дөрөв, тавдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат нар тус тус хариуцан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР