Эрх шилжүүлэх тухай

2010-02-11 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны тесөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих хавсралтанд тусгагдсан зам засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсүгэй
.
     Хоёр. Эрх шилжсэн зам засварын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багахангай дүүргийн Засаг дарга И.Батнасан нарт тус тус даалгасугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од-д, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.  

     Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ч.Батад үүрэг болгосугай.

     Тав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2009 оны 35 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 3.4, 3.5, 3,6 дахь заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР