Иргэний бүртгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай

2010-05-31 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлд явагдсан Иргэний баримт бичгийн үзлэгээр илэрсэн зөрчлийг "Хүний хөгжил сан"-гаас хишиг хувь олгох энэ хугацаанд бүрэн арилгаж дуусган, ажлаа эрчимжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/-т үүрэг болгосугай.

     Хоёр. Иргэний баримт бичгийн зөрчлийг шуурхай барагдуулах, хаягийн давхардал гаргахгүй байх, иргэнд төрийн үйлчилгээг түргэн хүргэх зорилгоор хороодыг сүлжээгээр нийслэл, дүүрэгтэй холбох төсөв, хөрөнгийн судалгааг гарган боловсруулж, нийслэлийн 2011 оны төсөвт тусгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Ш.Гантөмөр/, нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/-т тус тус даалгасугай.

     Гурав. Нийслэлд шинээр баригдсан гэр хорооллын гудамж, хашаа болон барилга байгууламжийг хаягжуулах ажлыг эрчимжүүлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/, нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

     Дөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР