ТӨЛБӨРИЙН ЧАДВАРТ НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2015-10-05 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк, Aзийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг 2015 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явцын хурал боллоо.
 
Улаанбаатар хотоос өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн орон сууцны дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд тус төсөл нь эдгээр бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх гол ажлуудын нэг юм.
Уг төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хот төлөвлөлтийн нэгдсэн шийдэл, төлөвлөлттэй, холимог газар ашиглалт, холимог орлогын төвшний өрхүүдэд зориулсан бүс бий болгох зорилготой. Мөн одоогийн орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, орон сууц худалдан авах чадваргүй байгаа буюу Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегид тусгагдсан өрхийн орлогын 1-5 дугаар шатлалын өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон халамжийн орон сууцыг хөгжүүлэхээр зорьж байна
Судалгааны хүрээнд төлөвлөлтийн аргачлалыг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тодорхойлох, хотын дэд бүтэц болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, санхүүгийн болон институцийн зохицуулалтуудыг санал болгох юм. Төлөвлөлтөөр одоогийн гэр хорооллын нягтралыг нэмэгдүүлэх замаар нөөцийг үр ашигтай ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн иргэдийн амьдрах таатай орчныг хангасан цогц суурьшил бүхий эко дүүргийг бий болгохоор зорьж байна.
 
Төслийн урьдчилсан тооцооллоор Улаанбаатар хотын гэр хорооллын 130 га талбайг дахин төлөвлөж нийт 10000 айлын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон халамжийн орон сууцыг барих юм.
 
Төслийн зөвлөх багаас эхний ээлжид Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтийн саналыг боловсруулж танилцууллаа.
 
Уг төслийн санхүүжилт болон хэрэгжилтийг хот зөвхөн дангаар зохион байгуулалгүй төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мөн гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилтийн болон институцийн схемийн саналуудыг боловсруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.