Хөрөнгө данснаас хасах, шинээр өмч бүртгэн авах тухай

2010-03-25 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 125 дугаар тогтоол, 2009 оны 193 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Нийслэлийн Ахмадын хорооны барилгыг өмчийн эд хөрөнгийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Шинээр баригдах барилгын өмчлөлийн хэлбэр, нийслэлийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой тусгасан хөрөнгө оруулалтын гэрээг "Зам Инвест" ХХК-тай байгуулж, хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журмын дагуу эхлүүлж, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Шинээр баригдах барилгын зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар хянуулан батлуулж, олгогдсон газар дээрээ барилгын ажлыг эхлүүлэхийг "Зам Инвест" ХХК /Б.Чулуунбаатар/-д, газар чөлөөлөх ажилд нь туслалцаа үзүүлж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/, Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-ттустус үүрэг болгосугай.    ^

     Дөрөв. Шинээр барилга баригдсаны дараа гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу уг барилгаас Ахмадын хорооны эзэмшиж байгаа ашигтай талбайтай тэнцэх хэмжээний байрыг хүлээн авч бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР