Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2010-10-20 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжаар дараа төлөгдөх нөхцлөөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинэзр баригдах Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 0.9 км авто замын трасст орсон Монголын Үндэсний Олимпийн хорооны эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө /софт теннисний  талбай/-ийн   нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Монголын Үндэсний Олимпийн хороонд 29612580 /Хорин есөн сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян/ төгрөгийн нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд 2010 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Монголын Үндэсний Олимпийн хорооны үл хөдлөх хөрөнгийг олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулах, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.

     Дөрөв. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР