Эрх шилжүүлэх тухай

2011-02-08 00:00:00

     Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, уйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Тасганы овоонд байгуулах "Монголын Үндэсний соёл, шашны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн"-гийн гүүрэн гарц байгуулах 2500,0 /хоёр тэрбум таван зуун/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлэн, хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Тасганы овоонд шинээр баригдах гүүрэн гарцын зураг төсвийг боловсруулан батлуулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /С.Цахиур/, газар олголт, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд тус тус даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР