Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь ажлыг хэрэгжүүлэх тухай

2011-02-11 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам", Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 6/55 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн Соёл урлаг, Биеийн тамир спортын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах Уралдаант шалгаруулалтын комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Концессын гэрээгээр хийгдэх төсөл арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод нийцүүлэн тусгахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/ -т, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээнд заагдсаны дагуу төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, барилгын зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /Г.Цахиур/-нд, зураг төслийн архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/ -т, барилга баригдах газрыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/ -нд, барилгын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэл болон концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/ -т тус тус даалгасугай.

Гурав. Захирамжийг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон өндөр түвшний мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх /П.Цогтбаатар/ -т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
137 тоот захмрамжийн нэгдүгээр хавсралт

 

СОЁЛ УРЛАГ, БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

 

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн тодорхойлолт Концессын зүйлийн төрөл Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ
1

Сонгодог урлагийн театр

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ард иргэдийн тав тухыг бүрдүүлэх сонгодог урлагийн театр барих

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Дэлхийн жишигт нийцсэн сонгодог урлагийн театрын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

2

Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай

Гэр хорооллын дунд биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай байгуулах.

"Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх"

Гэр хорооллын дундах биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбайн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх.

3

Хоккей, мөсөн гулгуурын заал

Ард иргэдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх дэлхийн нийтийн жишиг бүхий орчин үеийн цогцолбор барих

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Зураг төсөл боловсруулан мөсөн гулгуурын заал барих, ашиглах, шилжүүлэх.

4

Хотын үзэсгэлэнгийн экспо танхим

Нийслэлчүүдийн чөлөөт цаг, танин мэдэхүйн хэрэгцээнд нийцсэн үзэсгэлэнгийн танхим байгуулах ажил.

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Зураг төсөл боловсруулан үзэсгэлэнгийн барилга барих, ашиглах, шилжүүлэх.

5

Улаанбаатар хотын музей

Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил цэцэглэлтийг ард иргэд, зочид, төлөөлөгчдөд танилцуулах

"Зурагтөсөл боловсруулах-барих-түрээслэх-шилжүүлэх"

Зураг төсөл боловсруулан Улаанбаатар хотын музейн барилга барих, түрээслэх, шилжүүлэх.

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 11-ны өдрийн
137 тоот захирамжийн хоёрдугаар  хавсралт

 

СОЁЛ УРЛАГ, БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС

Дарга:  Б.Баатарзориг       Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Гишүүд:

  • Ц.Цогзолмаа         Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч
  • П.Цогтбаатар        Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх
  • Ц.Пүрэвхүү          Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
  • Ж.Ганболд           Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга
  • Э.Ганхүү              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга
  • М.Отгонбаяр       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Г.Ганбаяр             Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Б.Саруул              Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын багийн  мэргэжилтэн