Балетын тайз шинээр бий болгох тухай

2014-04-02 00:00:00
2014 оны 04 сарын 02 өдөр                                                          дугаар А/222                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “а”,  29.2, Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монголын Балетын хөгжил сантай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетын тайз, бусад холбогдох тоног төхөөрөмжийг соёл, урлагийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламжийн хөрөнгөөр шинээр бий болгохыг нийслэлийн Соёл, урлагийн газар /Б.Батцэнгэл/-т үүрэг болгосугай.
2.Соёл, урлагийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламжийг Соёлын төв өргөөний нэмэлт дансаар хүлээн авч, холбогдох хууль, журмын хүрээнд балетын тайз, тоног төхөөрөмж бий болгоход зарцуулахыг Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-д үүрэг болгосугай.
3.Соёлын төв өргөөнд шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
4.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ