Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2014-03-27 00:00:00
2014 оны 03 сарын 27 өдөр                                                           дугаар А/214                     Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “в”, 29.1.6-ын “б”, 29.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Онцгой комиссын “Үер усны гамшгийн үед ажиллах       хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг үүрэг даалгавраар ханган утас, хаягийн бүртгэлд тодотгол хийж бэлэн байдлыг хангахыг Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
2. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус гаргуур, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, техник, хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазар /Д.Энхсайхан/-д, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зохисгүй зөрчил, дутагдлыг холбогдох дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар арилгуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус үүрэг болгосугай.
3. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас, мөсийг тухайн орчны оршин суугчдын оролцоотойгоор 2013 оны 04 дүгээр сарын 07-ны дотор цэвэрлэх, шар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазар /Д.Энхсайхан/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ойролцоо баригдсан түүний найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус даалгасугай.
5. Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж, мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлж, хориглосон
2
газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг бэлэн байдалд байлгах, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т даалгасугай.
6. Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
7. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                 Э.БАТ-ҮҮЛ