Мал амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл хийх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ зохион байгуулах тухай

2021-03-31 09:15:39

2021 оны 03 сарын 31-ний өдөр                                      Дугаар А/239                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Мал амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл

хийх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

      Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/47 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Мал амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл хийх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг зохион байгуулсугай.

 

        2.Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

 

      2.1.Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, малын бэлчээр, мал, амьтны хашаа хороо, байр, сангасны талбай, хүнсний зах, худалдааны төвүүд, мал нядалгааны газар, амьд малын зах, түүхий эд хүлээн авах худалдан борлуулах газар, боловсруулах үйлдвэр, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлүүлэн, мал эмнэлгийн халдваргүйтгэлд хамруулж өтөг бууцыг овоолуулан сийрүүлэх ажлыг иж бүрнээр зохион байгуулах;

 

        2.2.Отор нүүдэл хийх чиглэл, хугацаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, харьяалах нутаг дэвсгэрт ирсэн мал, амьтныг хүлээж авах, шилжүүлэх үед эрүүл мэндийн үзлэгийг хийж баталгаажуулах, мал эмнэлгийн цахим системд бүртгэх ажлуудыг зохион байгуулах;

 

      3.Энэ ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэн, дүүргүүд дэх мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд хүргэж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар (А.Нарантуяа)-т даалгасугай.

 

      4.Хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, иргэдийн сонор, сэрэмж, хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т үүрэг болгосугай.

 

       5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                 ЗАХИРАГЧ                              Д.СУМЪЯАБАЗАР