Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай

2013-09-06 00:00:00
2013 оны 09 сарын 06 өдөр                                               дугаар А/839                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 87 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаникийн цэцэрлэгийн баруун болон баруун хойд хэсэгт эмнэлэгийн барилга барих зориулалтаар 10 га газрыг, Ботаникийн цэцэрлэгийн баруун урд хэсэгт Шинжлэх ухааны академийн харъяа Ботаникийн хүрээлэнд ургамал хамгааллын лабораторын барилга барих зориулалтаар 1.8 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг тус тус олгосугай.
 
2.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагуудтай газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, гүйцэтгэгч байгууллагатай холбогдох гэрээг зохих хууль, журмын дагуу байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
 
3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ