Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-10-09 09:00:11

2020 оны 10 сарын 09-ний өдөр                                    Дугаар А/1184                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн

тухай хуулийг хэрэгжүүлэх  талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,  Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай.

 

       2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн санал авахтай холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд тус тус даалгасугай:

 

      2.1.соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ/, Нийслэлийн Спортын хороо /Ж.Ганболд/, холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад;

 

       2.2.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;

 

      2.3.холбогдох хууль, журам, Сонгуулийн Ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Л.Баярсайхан/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, дүүрэг, хорооны Засаг дарга нарт; 

 

     2.4.сонгуулийн хороод, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын   хөдөлгөөний  удирдлагын  төв НӨҮГ  /Д.Одбаяр/-т, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Б.Баянмөнх/-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т;

 

       2.5.сонгуулийн хороод, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Р.Дагдан/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК /Ч.Золбаяр/,  “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ж.Дагва/-т, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т тус тус; 

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 

                                                   ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ 

                                                   ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                   ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН