Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-08-28 08:05:54

2020 оны 08 сарын 28-ны өдөр                                              Дугаар А/1075                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг

бууруулах талаар авах зарим

арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.1.6-гийн “а”, “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 12 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар, 4/14 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

      1.1.Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашиныг 2020 оны 08 дугаар сарын 29-ний бямба гараг, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ням гараг 08.00-20.00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар /С.Энхтөр/;

 

     1.2.Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэ захирамжийн 1.1-д заасан зохицуулалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар /С.Энхтөр/, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ /Д.Одбаяр/-т;

 

     1.3.Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний  гарц, гарамтай  хэсгүүд  дээр ажиллуулах арга хэмжээ авч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т;

 

    1.4.Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан боловсруулж, зохих журмын дагуу батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /С.Мягмаржав/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т;

 

    1.5.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

      1.6.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т, орон сууц, гэр хорооллын доторх замын эвдрэл, гэмтлийг засварлаж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл, бололцоог бүрдүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

     1.7.Шаардлагатай замын зорчих хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хайс, хашлага байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Б.Баянмөнх/-т;

 

      2.Нийслэлийн Засаг даргын 2014 оны  “Цагийн хуваарь батлах тухай” А/505, “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/505 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/897 дугаар захирамжаар батлагдсан  цагийн хуваарийг зах, худалдааны төвүүдэд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

      3.Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т үүрэг болгосугай.

 

     4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                             ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР                              

                                             ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН