Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэх тухай

2020-08-27 08:05:58

2020 оны 08 сарын 27-ны өдөр                                Дугаар А/1067                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хог хаягдлыг эх үүсвэр дээр

ангилан ялгаж хэвшүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор баталсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төвлөрсөн хогийн цэгт дарж булагдаж байгаа хог хаягдлын хэмжээг бууруулах, нийслэлийн иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх, Хог хаягдлын тухай хууль, НИТХ-аас баталсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудад даалгах нь:

 

     1.1.Байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын байран дээр хог хаягдлыг ангилж хэвшүүлэх,  ангилсан хог хаягдлыг төвлөрүүлж хадгалах зориулалтын хогийн савыг байгууллагын гадна талбай, дотор орчинд байршуулахыг нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ-ын удирдлагуудад,

 

     1.2.Нутаг дэвсгэрийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгуулж хэвшүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөө, удирдамж гарган зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт,

 

     1.3.Ангилсан хог хаягдал тээвэрлэх автомашиныг тусгайлан бэлтгэж, тээврийн хэрэгсэл дээр нэгдсэн таних тэмдгийг байршуулж, хог хаягдлыг ангиллын төрлөөр ачиж, тээвэрлэх хуваарийг долоо хоногийн гаригаар илэрхийлэн тогтмол хуваарь гарган ажиллахыг хувийн болон орон нутгийн өмчит хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад,

 

     1.4.Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага ангийн сурагчдад хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг суулгах, хог хаягдлын боловсрол олгох сургалтыг төлөвлөгөө гарган тогтмол зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т,

 

     1.5.Иргэдийг хог ангилдаг хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд ухамсар мэдлэгийг нэмэгдүүлсэн соёл урлагийн нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулах, Хог хаягдлын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Соёл урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ/-т,

 

     2.Захирамжийн хэрэгжилтийг мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т үүрэг болгосугай.

 

     3.Ангилсан хог хаягдал тээвэрлэх автомашин дээр байршуулах таних тэмдгийн нэгдсэн загварыг гаргах, захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд үүрэг болгосугай.

 

     4.Энэхүү захирамжийн 1.1, 1.2, 1.3 дугаар заалтын хэрэгжилтэд тодорхой төлөвлөгөө гарган хяналт тавьж, хангалтгүй биелүүлсэн болон биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т үүрэг болгосугай.

 

     5.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, захирамжийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т даалгасугай

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

ОРЛОГЧ                                                                Ж.БАТБАЯСГАЛАН