Хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, эдийн засгийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-06-22 08:05:45

2020 оны 06 сарын 22-ны өдөр                                             Дугаар А/841                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ,

эдийн засгийн  талаар авах зарим арга

хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.а, 29.1.6.г, ж, л, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,  Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ Коронавирусийн /КОВИД-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Нийслэлийн хүн амын боловсрол, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангаж, соён гэгээрүүлэх зорилгоор бүх төрлийн музей, номын сангийн үйл ажиллагааг нээсүгэй,

 

     2.Үйлчлүүлэгчдийн биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гар ариутгах, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам хийлгэж, иргэд үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр цагийн болон хоорондын зайн зохицуулалтыг хийж, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлага, стандартыг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад тус тус даалгасугай.

 

       3.Нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал, хүсэлтийг шат дараалан судалсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжийн 1-д “07:00-22:00” гэснийг “07:00-00:00” гэж өөрчилсүгэй.

 

       4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

      5.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 1.1-т “соёл” гэснийг “бүх төрлийн музей, номын сангаас бусад соёл” гэж, мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/590 дүгээр захирамжийн 5 дахь хэсэгт заасан “12 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх” гэснийг “бүх төрлийн музей, номын сангаас бусад газарт 12 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх” гэж тус тус өөрчилсүгэй.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН