Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-06-22 08:00:49

2020 оны 06 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/840                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн

тухай хуулийг хэрэгжүүлэх талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

     1.Улсын Их Хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай.

 

       2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд тус тус даалгасугай:

 

     2.1.соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ/, Нийслэлийн Спортын хороо /Ж.Ганболд/, холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад;

 

       2.2.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;

 

     2.3.холбогдох хууль, журам, Сонгуулийн Ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, дүүрэг, хорооны Засаг дарга нарт; 

 

     2.4.сонгуулийн хороод, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ /Д.Одбаяр/-т, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Б.Баянмөнх/-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т;

 

       2.5.сонгуулийн хороод, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Д.Баярсайхан/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК /Ч.Золбаяр/, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т тус тус; 

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын  Захирагчийн Ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН