Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай

2020-03-30 09:00:14

2020 оны 03 сарын 30-ны өдөр                                            Дугаар А/436                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Коронавируст /КОВИД-19/ халдвараас

иргэдийн эрүүл мэндийг хамгаалах

талаар авч хэрэгжүүлж байгаа

ажлыг эрчимжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. в, 29.1.6. ж, л, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Засгийн газрын 2020 оны 30, 64, 102 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 06 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах үйл ажиллагааг дор дурдсанаар хязгаарласугай.

 

      1.1.Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, урлаг, соёл, спортын арга хэмжээ, бүх төрлийн тоглоомын газар, спорт, шашин, урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар /сүм хийд, мөргөлийн газрууд, цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын  үйл ажиллагааг түр зогсоох;

 

     1.2. Ресторан, кафе, зоогийн газар /сүлжээ хоолны газар/ болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоох.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай.

 

     2.1.Иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааныг бүртгэхгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/, дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

      2.2.Үйлчлүүлж буй иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулах, томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвийн дотор, гадна орчинд халдваргүйжүүлэлт хийхийг  нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдлагад, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

      2.3.Коронавируст /КОВИД-19/ халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний заавар, энэ захирамжийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмжийг баталж, мөрдүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд;

 

       2.4.Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн цэвэрлэх байгууламжийн усны гарах хэсгээс химийн болон бактериологийн үзүүлэлтийг долоо хоногт нэг удаа үзэж цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн түвшинг тогтоож цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Нямхүү/-д, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд;

 

       2.5.Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр хаасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, харгалзах хүнгүй, гэртээ үлдсэн хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалтын хөтөлбөрийн дагуу цахим сургалтыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Н.Мандуул/-т;

 

      2.6.Томуу, томуу төст өвчний тархалт болон коронавируст /КОВИД-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, яаралтай тусламжийн болон байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т;

 

     2.7.Энэ захирамж, захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын мэдээлэл, батлагдсан заавар, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т.

 

     3.Энэ захирамжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс тухай бүр шийдвэр гаргуулж зарцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж тухай бүр тайлагнаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад, хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.


 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН