Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай

2020-03-13 09:00:51

2020 оны 03 сарын 13-ны өдөр                                       Дугаар А/346                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Угаарын хийн хордлогоос

урьдчилан сэргийлэх, эрсдэлээс

хамгаалах зарим арга хэмжээний тухай

 

 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Гадаад,  дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг 9-11 дүгээр сар, 3-4 дүгээр саруудад  угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад даалгасугай.

 

      2.Өвлийн бэлтгэл хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 8-9 дүгээр саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулах системийг сайжруулж угаарын хийн хордлогоос сэргийлэхийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд даалгасугай. 

 

      3.Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой иргэд олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажил зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т  даалгасугай.

 

      4.Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэглээнд ашиглах зуухны MNS5216:2016 / Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага/ стандартыг хангуулахад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т үүрэг болгосугай.

 

    5.Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын зохион байгуулалтыг удирдамжаар батлуулан ажиллахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Ц.Цолмон/-т,  шаардагдах 22,994,000 /хорин хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

        6.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН