Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-07-26 00:00:00
2013 оны 07 сарын 26 өдөр                                             дугаар А/722                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1.Баянгол дүүргийн Засаг дарга нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт “Монбейкери” ХХК-д 600 м2 газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасныг зөрчсөн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 513 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийслэлийн Засаг дарга нь 2008 оны 416 дугаар захирамжаар Монбейкери ХХК-ийн эзэмшиж байсан 600 м2 газрыг эзэмших эрхийн хугацааг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар сунгахдаа түүний зориулалтыг өөрчилж, 1300 м2 газрыг нэмж эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагааг явуулалгүйгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн байна...” гэж дүгнэсэн байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжийн “Монбейкери” ХХК, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 416 дугаар захирамжийн “Монбейкери” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ  ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ