Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-07-26 00:00:00
2013 оны 07 сарын 26 өдөр                                            дугаар А/721                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/325, 2013 оны А/160 дугаар  захирамжаар Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1.7 км автозам, Сонгинохайрхан дүүргийн  3, 26  дугаар хорооны  нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын 5 км автозамын шинэчлэлийн   трасст орсон  иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг хавсралтаар баталсугай.
 
2.Хавсралтад дурьдсан 8 иргэнд олгох нөхөх олговрын 219 631 680  /хоёр зуун арван есөн сая зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийг  2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс  гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.                                                                                      
 
                       
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ