“Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2013-07-25 00:00:00
2013 оны 07 сарын 25 өдөр                                           дугаар А/720                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Хөтөлбөр батлах тухай” 9/36, “Журам батлах тухай” 9/37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссыг нэгдүгээр хавсралтаар, “Сонгон шалгаруулах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр түрээслүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар”, Батлан даалтын  болон Даатгалын гэрээний үлгэрчилсэн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Бүрд констракшн” ХХК, “Асар өргөө”, “Буурал сутай” ХХК, “Моннис” ХХК, “Гангар инвест” ХХК, “Баганат өргөө” ХХК, “Хера холдинг” ХХК, “Гранд лайн” ХХК-тай тус бүр 300 айлын Ахмадын орон сууц барих асуудлаар хэлцэл хийж тухай бүр нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
3.Орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Орон сууц санхүүжилтийн корпорацийн барих орон сууцны хороололд 300 айлын Ахмадын орон сууцны захиалга өгч холбогдох дүрэм, журмын дагуу гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
4.Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Ногоон нуур орчимд 360 айлын Ахмадын орон сууцны архитектур төлөвлөлтийн зураг төслийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, гүйцэтгэгчийг холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
5.Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 300 айлын Ахмадын орон сууцны цогцолбор барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
6.Ахмадын орон сууцны элэгдлийн санг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тогтоож,  мөрдүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, хуримтлагдсан  элэгдлийн сангийн хөрөнгийг “Улаанбаатар орон сууцны сан”-д тухай бүр төвлөрүүлэхийг Ахмадын хотхоны захиргаанд тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ