Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                        дугаар А/695                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 32.6 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай” 150 дугаар тогтоол, 2013 оны “УС-15 дулааны станц барих тухай” 35 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоол, 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:      
 
1.Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилөн оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
2.Газар өмчилсөн нэр бүхий 33 иргэнд 5 162 732 815 /Таван тэрбум нэг зуун жаран хоёр сая долоон зуун гучин хоёр мянга найман зуун арван тав/ төгрөгийн нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Иргэний өмчилсөн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эгүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ