Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай

2020-02-06 09:20:52

2020 оны 02 сарын 06-ны өдөр                                            Дугаар А/164                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

                                  

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэх

эрхийг цуцлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Назу проперти” ХХК болон “Хаус Жэйд” ХХК-иудын түншлэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргаж иргэдийг хохироосон байх тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

      2.Төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээний үүргээ зөрчсөнөөс газраа чөлөөлж, олон жилийн хугацаанд орон гэргүй хохирч байгаа иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК–д үүрэг болгосугай.

 

      3.Төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсантай холбогдуулан энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хэсэгчилсэн талбайд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосугай.

 

     3.1.Төслийн шинэ шийдэл гаргаж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д;

 

     3.2.Гурван талт гэрээг дүгнэж, дуусгавар болгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн  газар /Г.Ганзориг/-т;

 

    3.3.Иргэдтэй өмнө байгуулсан гэрээний нөхцөлийг харгалзан шинээр гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд тус тус даалгасугай.

 

       5.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/243 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН