Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай

2020-02-05 10:00:09

2020 оны 02 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/158                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэх

эрхийг цуцлах тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Орон сууцны VII хорооллын А хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Баярс констракшн” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар /Г.Ганзориг/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” Нийслэлийн засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/346 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН