Төсөл хэрэгжүүлэх тухай

2019-12-12 09:20:34

2019 оны 12 сарын 12-ны өдөр                                         Дугаар А/1298                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 47 дугаар зүйлийн 47.1.3, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлсүгэй.

 

      2.Сургуулийн автобус төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

 

      2.1.Сургуулийн автобусны төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагатай байгуулж, үйлчилгээний аюулгүй байдал, сахилга хариуцлагыг мөрдүүлж ажиллах, “Сургуулийн автобус” төслийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг “UB School” сургуулийн автобусны ажлын гүйцэтгэл тооцох хяналтын системээр гарган, ажлын гүйцэтгэлд үндэслэн тооцож нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт зардлаас холбогдох байгууллагуудад санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т;

 

       2.2.“Сургуулийн автобус” төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх сургуулийн автобуснуудын газарзүйн байршлын мэдээлэл,  автобусны үйлчилгээний ажлын гүйцэтгэл тооцох, хүүхдийг автобусандаа суусныг дамжуулах “UB School” систем, програм хангамжийг хөгжүүлэх болон сургалт зохион байгуулахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/-т;

 

       2.3.“Сургуулийн автобус” төсөлд хамрагдаж буй хүүхдийн аюулгүй байдлыг хариуцах “Хүүхэд зохицуулагч” ажиллуулж, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, шинээр байгуулагдаж буй төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд тусгай зөвшөөрөл олгоход сургуулийн автобустай байх шаардлагыг холбогдох эрх зүйн баримт бичигт тусгуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т.

 

    3.“Сургуулийн автобус”-нд суурилуулах байршил дамжуулах тоног төхөөрөмж, систем, хаягжуулалтад шаардагдах 60,800,000 /жаран сая найман зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгагдсан “Боловсрол 2020” дэд хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН