Авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай

2013-07-08 00:00:00
 2013 оны 07 сарын 08 өдөр                                        дугаар А/645                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замын дагууд байрлах худалдаа үйлчилгээний төвүүдийн орц, гарцыг шинээр төлөвлөх, 32-ын тойргийн уулзварыг өргөтгөх, 7 буудлын эцсийн зогсоолын талбайн зохион байгуулалтын өөрчлөлт, Чингэлтэйн автобусны буудлыг урагш шилжүүлэх арга хэмжээ авч гүйцэтгэхийг “Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ /С.Ганбаатар/, барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус даалгасугай.
 
2.Дээрх ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл өгч орц гарцыг хаах, Улсын байцаагч ажиллуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3.32-ын тойргоос 7 буудал чиглэлийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөнийг зохицуулах, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д тус тус даалгасугай.
 
4.32-ын тойргийн уулзварыг өргөтгөх, 7 буудлын эцсийн зогсоолын талбайн зохион байгуулалтын өөрчлөлт, Чингэлтэйн автобусны буудлыг урагш шилжүүлэх барилга угсралтын ажил, Улсын байцаагчийн илүү цагийн хөлсөнд шаардагдах  хөрөнгийг тооцон  Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
5.Захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Э.БАТ-ҮҮЛ