Гүний худгийн тооллого явуулах тухай

2013-06-24 00:00:00
2013 оны 06 сарын 24 өдөр                                           дугаар А/621                                               Улаанбаатар хот
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, НИТХ-ийн тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1 дэх заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрлийн гүний худгийн тооллогыг 2013 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд явуулсугай.
 
2.Нийслэл хотод гүний худгийн тооллогыг зохион байгуулж явуулах комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, тооллогын ажлын нэгдсэн төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар, тооллогыг зохион байгуулж, явуулах ажлын удирдамжийг гуравдугаар хавсралтаар, тооллогын асуулгын хуудас, түүнийг нөхөх зааврыг  дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
 
3. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гүний худгийг тоолох тооллогын багийг хороо бүрт байгуулах, шаардлагатай нэмэлт зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлж, тооллогын нэгдсэн төлөвлөгөө, удирдамж, зааврын дагуу ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
4. Нийслэл хотод гүний худгийн тооллогыг зохион байгуулж явуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө, удирдамжийн дагуу бэлтгэл ажлыг сайтар хангаж, тооллогод гүний худгийг бүрэн хамруулах, тооллогын дүнг тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөхийг Нийслэлийн тооллогын комисс /Т.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.
 
5. Нийслэл хотод гүний худгийн тооллогыг зохион байгуулж, явуулах бэлтгэл ажлыг хангах, тооллого хийх, хяналт, мониторинг хийх, тооллогын мэдээллийг нэгтгэж боловсруулах, тархаахад зориулж 31221.5 (гучин нэгэн сая хоёр зуун хорин нэгэн мянга таван зуу) мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
6. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж, гүний худгийн тооллогын ажилд саад учруулсан, тооллогын мэдээллийг буруу өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ