Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

2013-06-20 00:00:00
2013 оны 06 сарын 20 өдөр                                          дугаар А/614                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.13.1, 48.13.2, 48.14 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, “ж”, 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
  
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр /06 дугаар сарын 26/-рүү шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын  26-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр спортын аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосугай.
 
3.Сонгуулийн санал авах өдөр буюу 2013 оны 06 дугаар сарын 26-нд Нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дээрх байгууллагууд /санал авах байр/-ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК /С.Төмөрхүү/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК /Т.Маргад-Эрдэнэ/, Нийслэлийн тээврийн газар /Ч.Энхбат/-т тус тус үүрэг болгосугай.
 
4. Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ