Эрх шилжүүлэх тухай

2019-10-01 10:10:37

2019 оны 10 сарын 01-ний өдөр                                          Дугаар А/1032                                   Улаанбаатар  хот

 

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх агаарын бохирдлыг бууруулах зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1,250.0 /нэг тэрбум хоёр зуун тавин сая/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.14-ийн “1”-т “Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээ”-ний зардлаас холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т  тус тус даалгасугай.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН