Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

2019-09-30 13:00:41

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                           Дугаар А/1016                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын

зэрэгт шилжүүлэх тухай

 

 

             Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 11 дүгээр зүйлийн 11.3.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, л, 29.2, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

 

       2.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:

 

            2.1.Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/274 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг “Таван толгой түлш” ХХК /М.Ганбаатар/-д;

 

            2.2.Сайжруулсан шахмал түлш  ачих, буулгах, тээвэрлэх, савлах, түгээх ажилд дэмжлэг үзүүлэхэд хот нийтийн аж ахуйн ажилтнууд болон бусад хүний нөөцийг бүрдүүлэх, машин, техник хэрэгсэл дайчлан зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, сайжруулсан шахмал түлш тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг батлагдсан маршрутын дагуу дугаарын хязгаарлалтгүйгээр саадгүй зорчуулах боломжоор хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/-т;

 

           2.3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсийн айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшний хуваарилалтыг жигд хүртээмжтэй хангах, хэрэглээнд хяналт тавих зорилгоор сайн картыг иргэдэд бүрэн хүргэх, мэдээллийн сан үүсгэж, цахим бүртгэл хөтлөх арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /М.Халиунбат/, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/, Нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/, дүүрэг, хорооны Засаг дарга нарт;

 

             2.4.Сайжруулсан шахмал түлш түгээх цэгийн тоог нэмэгдүүлэх, байршил, цагийн хуваарьтай холбоотой мэдээллийг иргэдэд хамгийн ойр эх сурвалжаас хүртээмжтэй хүргэх ажлыг хэвлэл, мэдээлэл олон нийтийн байгууллагыг оролцуулан зохион байгуулахыг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /М.Халиунбат/, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т;

 

        2.5.Сайжруулсан шахмал түлшний үнийг үйлдвэрийн үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, дүүрэг, хорооны Засаг дарга нарт;

 

         2.6.Сайжруулсан шахмал түлшний чанар, стандартад тогтмол хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т;

 

           2.7.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

            2.8.Гэрээ хийгдсэн тээврийн компаниудын машин техникийн бүрэн бүтэн байдал, тоо, хүчин чадлыг нарийвчлан тодорхойлох, хоногт 2500-5000 тонн түлшийг бөөний, дундын, жижиглэнгийн цэгүүдэд хүргэх үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д;

 

           2.9.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан захирамжаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтийг 24 цаг тутамд гаргаж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв /ОНӨААТҮГ/-д хүргүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудад, ирүүлсэн тайлан мэдээг нэгтгэж 7 хоног тутам Нийслэлийн Онцгой комисст танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Х.Гантулга/-т;

 

            3.Холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

 

           4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/ нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН