Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай

2019-08-22 08:20:14

2019 оны 08 сарын 22-ны өдөр                                             Дугаар А/856                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар

барилга түрээслэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.2, 3.2.3 дахь зорилт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1, 4.1.2 дахь зорилт, Засгийн газрын 2019 оны 183 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийг 2 ээлжид бүрэн шилжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/522 дугаар тушаалаар баталсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлийн барилгыг сургалтын зориулалтаар хууль тогтоомжид нийцүүлэн түрээсийн гэрээ байгуулж ажиллахыг холбогдох сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.

 

       2.Сургууль, цэцэрлэгийн барилга, орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллах талаар дүүргийн хэмжээнд тусгайлсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт  үүрэг болгосугай.

 

      3.Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын  иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН