Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай

2019-06-24 08:15:05

2019 оны 06 сарын 24-ний өдөр                                         Дугаар А/639                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг

батламжилж, гэрээ байгуулах

эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 53 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Элит констракшн” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгосугай.

 

       2.Төсөл хэрэгжүүлэгчид  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1, 14.7.2.а, 14.7.2.б-д заасны дагуу төслийн бэлтгэл болон төлөвлөлтийн үе шатны ажлуудыг тусгасан төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргаар батлуулахыг  Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т даалгасугай.

 

      3.Төсөл хэрэгжүүлэгч энэ захирамжийн 2-т заасан үйл ажиллагааг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд энэхүү захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

    4.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд тус тус даалгасугай.

 

                       

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН