Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай

2019-06-17 08:00:16

2019 оны 06 сарын 17-ны өдөр                                            Дугаар А/592                                     Улаанбаатар хот

 

 

 

Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн

ажил зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/32 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэл хийх журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт мал эмнэлгийн халдваргүйтгэл хийх сарын аяныг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, дараах ажлыг зохион байгуулсугай:

 

     а.Нийслэлийн нутаг дэвсгэрт үхсэн мал, амьтны сэг зэмийг устгах, өтөг бууцыг сийлж овоолон биотермийн аргаар халдваргүйтгэх, мал амьтны хашаа хороо, гахай шувууны байр, орчныг цэвэрлэн, халдварт өвчин бүртгэгдсэн голомтын цэгүүдийг халдваргүйжүүлэх,

 

     б.Мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг газрууд /өлөн гэдэс, яс, ноос, ноолуур, дэл сүүл, арьс шир боловсруулах үйлдвэр/, мах хадгалах зоорь, агуулах, мал нядалгааны газар, амьд малын зах, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулдаг хүнсний зах, худалдааны төвүүд халдваргүйжүүлэлт хийх.

 

    2.Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, халдваргүйтгэлийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

      3.Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, хяналт тавин, ажлын үр дүнг нэгтгэн тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /М.Адилбиш/-т үүрэг болгосугай.

 

   4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН